Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2019.10.04) үдээс өмнөх хуралдаан 50.7 хувийн ирцтэй эхэлж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д тус тус заасны дагуу бригадын генерал Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр танилцуулж буйг хэллээ.
Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн. Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт газрын даргаар ажиллаж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч бригадын генерал Д.Ганзоригийн төрийн тусгай албан ажилласан туршлага, мэргэшсэн байдал зэргийг харгалзан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох санал гаргасан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцууллаа.
Уг асуудлыг хэлэлцсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөхийг гишүүдийн олонх дэмжсэн байна.
Танилцуулгуудтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд нар хугацаат цэргийн албан хаагчдын эрх зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон, амь насаа алдаж байгаа гэх баримтуудад анхаарал хандуулж ажиллах онцгой шаардлага бий гэдгийг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Ганболд нар улсын хэмжээнд цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлдэг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хэмээх энэ онцгой албан тушаалын томилгоо зургаан сарын дотор өөрчлөгдөж буйд шүүмжлэлтэй хандаж байсан. Нэр дэвшигчийг цэргийн бүх шатны сургуулийг дүүргэж, олон улсын түвшинд бэлтгэгдсэн шилдэг мэргэжилтэн хэмээн үнэлж, дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Л.Болд нар илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ цэргийн анги нэгж дэх сахилга журмыг сайжруулах шаардлагын талаар сануулсан бол Л.Болд гишүүн цэрэг-иргэний харилцааг шинэ шатанд гаргахад анхаарах талаар саналуудыг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа энхийг сахиулах үйл ажиллагаанд инженерийн ротыг ажиллуулах чиглэлд анхаарал хандуулж ажиллахын зэрэгцээ бүх зүйл хуулийн дагуу байх ёстойг сануулж байв. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан зэвсэгт хүчний анги нэгтгэлийн эзэмшил газрын асуудлаар Байнгын хорооны даргын хувиар байр сууриа илэрхийлж, тодорхой саналыг гаргаж байв.
Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 40 нь буюу 76.9 хувь нь Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжсэн.