Б.Пүрэвдорж: “Үйлийн үрд дуусах хугацаа гэж байхгүй” гэдгийг “МАМ” киногоор дамжуулан өгүүлэхийг зорьсон


“МАМ” сэтгэлзүйн аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү кинонд тоглосон залуу жүжигчин Б.Пүрэвдоржтой сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

“МАМ” уран сайхны киноны ярилцлагаа эхэлье
-“Хамба фильм”, “Nomadia pictures”, “Событ фильм”, “Royal music” студийн уран бүтээлчид “МАМ” хэмээх уран сайхны кинонд нэг баг болж ажиллалаа. Би энэ удаа олзны япон цэргүүдийг хянаж байсан цэргийн офицерын дүр дээр ажиллалаа.

Аймшгийн кинонд анх удаа тоглосон уу. Өмнөх кинонуудаас ямар ялгаатай байсан бэ?

Жүжигчин хүн бүхий л жанрын кинонд тоглож, өөрийн ур чадвараа сорих хэрэгтэй. Тиймээс найруулагчийн өгсөн үүрэг даалгаврыг чадах чинээгээрээ биелүүлж, дүрээ амьдруулахыг хичээсэн. Миний хувьд өмнө нь 2015 онд “Ноход” МУСК, 2018 онд “Хүний цаана”, “Цуурхал” зэрэг кинонд ажилласан. Уран бүтээл бүрт өөр өөрийн онцлог хэв шинж бий. Тэгэхээр тэр бүрт хувирч, өөрийгөө дайчилж, гаргах дүрийнхээ онцлогийг харуулахын тулд хичээж ажиллаж ирсэн. Тиймдээ ч өөртөө бага ч гэсэн хуримтлуулсан туршлага маань энэ дүрд тоглоход хэрэг боллоо. Энэ кино надад дахиад нэг туршлага, мэдлэг болж үлдэнэ.

-Бэрхшээл, хүндрэл хэр гарав?

-Кино бол өөрөө дүрд бэрхшээл учруулж зөрчил үүсгэж түүнийг даван туулж буй хүмүүсийн тухай үзүүлдэг. Тийм дүрүүдийг үзэгчид дотночлон хайрладаг. Түүнтэй л адил хүн бүрийн амьдралыг кино гэж бодвол би өөрийнхөө ажил амьдралд тулгарсан саадыг давж бэрхшээлийг туулан үр дүн ажилтанд хүрэх ёстой гэж боддог. Амжилт олохгүй бүдэрсэн ч тэр алдаан дээрээ суралцах нь чухал байх. “Мам” киног хийж байх явцад бэрхшээл тулгараагүй биш тулгарсан гэхдээ одоо бид киногоо дуусгаад театрын дэлгэцэд шилжүүлж үзэгчдэд хүргэх гээд тантай ярилцаад сууж байгаа маань тэр бүгдийг шийдээд даваад ирсэн үг. Энэ бүгдэд кино багийнхны гар нийлсэн ажиллагаа, хамтрагч жүжигчдийн дэмжлэг, ар гэрийн тусламж гээд олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн. Ямар ч байсан бүх хүчээ дайчлаад, хичээгээд тухайн уран бүтээлийнхээ ард гарах л чухал гэж боддог учраас энэ удаад ч бас тэгж ажилласан.

-“МАМ” киноны онцлог, үзэгчдэд өгөх мессэжийг юу гэж харж байгаа вэ?

-Ерөнхийдөө энэ кино үйлийн үрийн тухай өгүүлсэн. Хүн гэж амьтан үйлийн эрхээр төрж, үйлийн эрхээр үхдэг. Энэ насны амьдралаас хагацлаа гэхэд үйлийн үрд харин дуусах хугацаа гэж байхгүй, магад таны хойд нас эс бол ард үлдсэн үр удам чинь таны буян нүглийн өглөг, авлагыг эдлэх л жам юм гэдгийг үзүүлэхийг зорьсон. Гол санаа нь үүнд тулгуурласан ч үзүүлэх хэлбэр хийц нь орчин үеийн үзэгчдэд зориулсан. Үйлийн үр гэхээр л том сэдэвтэй хүнд кино гэж ойлгож болохгүй.

-Кинонд хамтран ажилласан баг хамт олон хэр байв. Залуу уран бүтээлчид голлох үүрэгтэй байсан юм шиг санагдсан?

-Залуучуудад зориулсан кино учраас гол дүрүүдэд залуу жүжигчид тоглосон. Залуу уран бүтээлчдээс гадна туршлагатай ахмад дунд үеийн жүжигчид ч мөн оролцсон. Тухайлбал Төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатар, СТА Л.Эрдэнэ-Очир, Кино багийн хувьд гэвэл олон кинонд ажилласан найруулагч, зураглаач, дууны найруулагч, хөгжмийн зохиолч гээд туршлагатай хүмүүс. Тэдний мэдлэг туршлага олон зүйл дээр мэдрэгдэж, бидэнд бас суралцах мэдэх их зүйл байгааг ойлгуулж өглөө.

-“Орхидос”, “Улаан дѳрвѳлжин” зэрэг киногоороо алдартай найруулагчийн шалгуур хэр ѳндѳр байсан бол. Хүмүүс тэр хүний арга барилаас нэлээд эмээдэг юм билээ?

-Найруулагч маань өөрөө залуу уран бүтээлчдийг дэмжиж, шинээр жүжигчин гаргаж ирэх тал дээр анхаардаг маш туршлагатай. “Орхидос” киноны гол дүрийн охин, хойд ээж хоёрыг мэдэхгүй үзэгч бараг байхгүй. Ялангуяа зарим хүмүүс тухай үед жүжигчин Г.Отгонцэцэгийг өөрийг нь бараг тэр хойд ээж юм шиг л жигшиж зэвүүцэж хардаг байсан байх. Найруулагчийн сонголт, ажиллагаа жүжигчний ур чадвар хосолж байж киноны дүр хүнд хоногшиж үлддэг. Б.Ганболд найруулагч жүжигчидтэй ажиллах арга барилын хувьд үнэхээр өвөрмөц санагдсан. Анх яг таны асуусан шиг бас эмээж л байлаа. Харин Тука ах юу юугүй загнаж зандраад байдаг найруулагч биш юм билээ. Харин ч зохиолын задаргаа, дүрийн онцлог, ширээний уншлага гээд цаасан дээрх ажиллагааг маш нягт хийж, анхаарах зүйлс, тоглолтын онцлог зэргийг тайлбарлаж зургийн талбай дээр сургуулилт хийсний дараа “ ойлгосон уу?, одоо харин ойлгосон гэж хариулчхаад мотор явсны дараа алдаад буруу зөрүү тоглоод байвал харааж загнах эрхээ би авсан гэсэн үг шүү” гэж анхнаасаа хэлж байсан. Тийм ч учраас найруулагчийн хэлсэн, ярьсан зөвлөгөөг ойлгож, өөртөө тусгаж авч ажиллахыг хичээсэн. Маш сонирхолтой, их ч зүйл сурч мэдсэн, ойлгож таниулсан уран бүтээл байлаа.

Жүжигчин бүрт тоглож үзэхийг хүсдэг дүр байдаг. Өѳрийн тань хувьд ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

-Яг тоглохыг хүссэн дүр гэж байдаггүй. Сонгогдсон дүр дээрээ мэргэжлийн дагуу сайн ажиллах юмсан л гэж боддог. Харин тайзны бүтээлд тоглож, энэ тал дээр өөрийгөө сорьж үзэх хүсэл бол бий шүү.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …