УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэлд тэрбээр тайлбар хийлээ.
Ж.Эрдэнэбат гишүүн “Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоол гаргасан. Өмнөговийн Тост, Тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар болон Булганы Тэшиг суманд байгаа улсын тусгай хамгаалалттай газар нутагт лиценз эзэмшиж байсан компаниудын лицензийг хүчингүй болгоод нөхөн олговор маягаар өөр газар лиценз олгосон Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолтой холбоотойгоор нэг аж ахуйн нэгжээс өөрийнхөө эзэмшил бүхий компанид лиценз шилжүүлж авсан гэдэг мэдээлэл гарсан. Энэ хүрээнд хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Ер нь Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшсэн компани тэндээсээ юм олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа компани болж таарсан. Миний төрсөн дүүгийн компани. Би тодорхой хувь эзэмшдэг. Нэгэнт талбай дээрээс юм гараагүй учраас лицензээ буцааж өгөх саналаа өгснөөр тухайн лиценз улсад очсон байгаа. Харамсалтай нь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой зорилгоор буруу ташаа мэдээлэл гарч байна. Би буруутай үйлдэл хийсэн бол шалгуулахад бэлэн байна” гэлээ.