“Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх жилдээ аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тэгвэл тус наадмын Монгол кино хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерыг шагнах “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2019.10.16/ Тэнгис кино театр болж шилдгүүдээ тодрууллаа.
2019 оны УБОУКН-ын Монгол киноны хөтөлбөрт найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, найруулагч Д.Ганцэцэгийн “Халуун зүрх”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” зэрэг уран бүтээлүүд өрсөлдсөн юм.
Энэ жилийн кино наадмын “Шилдэг зохиол”-оор Г.Эрдэнэбилэг “Хийморь”, “Шилдэг найруулагч”-аар Ж.Сэнгэдорж “Би нар”, “Шилдэг продюсер”-оор Д.Ганцэцэг, А.Ганчимэг “Халуун зүрх”, “Шилдэг уран сайхны кино”-оор Ж.Сэнгэдорж “Би нар” кинонууд тус тус шилдгээр шалгарч, “Хангарди” шагналын эздээр тодорлоо.
Мөн энэ үеэр Нийслэлийн засаг даргын Тамгын газраас Монголын кино урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнг “Хангарди” шагналаар шагнасан юм.
“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын түвшний чанартай уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.