Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томилов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажилтан, албан хаагчдад танилцуулж, зарлигийг гардууллаа.

Энэ үеэр Шүүхийн зөвлөлийн даргаар томилогдсон Э.Батбаяр хэлсэн үгэндээ “Итгэл үзүүлэн Төрийн өндөр албан тушаалд томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчид талархсанаа илэрхийлье. Мөн Шүүхийн захиргааны тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгож Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд баярлалаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шударга ёсыг баримталж ажиллана гэдгээ хамт олныхоо өмнө илэрхийлье” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог юм.

Энхээгийн Батбаяр нь 1980-1990 онд нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль, 1990-1992-онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль төгсжээ. Улмаар 1995-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, хууль зүйн ухааны магистр, 2002-2005-онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

Тэрбээр “Түшээ” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш, УИХ-ын гишүүний зөвлөх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм.

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …