БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Уг тогтоолын төсөлд шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах тухай заалт орсон юм. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Шинээр болон өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авах газрууд:
1/ Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
2/ Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,
3/ Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
4/ Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
5/ Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
6/ Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
7/ Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
8/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
9/ Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар