2020 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудыг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хийсэн талаар УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 2020-2022 онд 6.0 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2020 онд 11 их наяд 797.8 тэрбум төгрөг, 2021 онд 12 их наяд 826.7 тэрбум төгрөг, 2022 онд 13 их наяд 773.6 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 2020 онд 13 их наяд 872.6 тэрбум төгрөг, 2021 онд 14 их наяд 89.7 тэрбум төгрөг, 2022 онд 14 их наяд 502.4 тэрбум төгрөг байхаар тооцож, нэгдсэн төсвийн алдагдал 2020 онд 2 их наяд 74.7 тэрбум төгрөг, 2021 онд 1 их наяд 262.9 тэрбум төгрөг, 2022 онд 728.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.

УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2020 онд 127.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 3 их наяд 806.1 тэрбум төгрөг, 2021 онд 3 их наяд 93.4 тэрбум төгрөг, 2022 онд 2 их наяд 975.5 тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2020 онд 22 их наяд 89.1 тэрбум төгрөг, 2021 онд 22 их наяд 910.5 тэрбум төгрөг, 2022 онд 23 их наяд 869.2 тэрбум төгрөг байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Төсвийн байнгын хороо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг  бэлтгэсэн хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дээрх хуулийн төслүүдийг баталлаа.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд батлагдлаа

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж, тусган эцсийн хувилбарын төслүүдийг бэлтгэжээ. Мөн хуулийн төслүүдийн үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн хувьд хянан үзэж, зохих засвар өөрчлөлтийг тусгасан байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Архангай аймгийн Хашаат сумыг шилэн кабельд холбох, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Их-Уулын сумын Цэцүүх багийг өндөр хурдны интернетэд холбох, гар утасны үүрэн телефоны сүлжээ бий болгох талаар санал гаргасан ба энэ асуудлаар Байнгын хорооноос холбогдох байгууллагад хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, халамжийг хавтгайруулан олгосноос түүнд зарцуулах мөнгийг хөгжлийн бодлого руу чиглүүлэх нь зүйтэй хэмээгээд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр хөгжлийн бодлого руу, ажлын байр нэмэгдүүлэх чиглэл рүү бус халамжийг хавтгайруулах руу чиглүүлж байгаа учир энэ асуудлыг эргэн харж, аж ахуйн нэгж, ажил олгогчид дарамт үзүүлэхгүй байх тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.      

Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг эцэслэн баталлаа.

Мөн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.7 дахь хэсгийг үндэслэн Байнгын хорооноос санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн хэмээн УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм.

Засгийн  газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн 16 дугаар зүйл нэмсэнтэй уялдуулан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн эшлэлийн дугаарыг өөрчлөн, хууль хоорондын нийцлийг хангахаар холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авсан. Эцэст нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах Төсвийн байнгын хорооны горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хуулийг батлав.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулиуд батлагдлаа

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийв.

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхдээ нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төслүүдэд нэмж тусгасан байна.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд орсон өөрчлөлтийн талаар:

1.    Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр бууруулж, Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн зээлийн хүүгийн татаасыг 60 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.

2.    Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98 тэрбум 700.0 сая төгрөгөөр, мөн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон байна.

3.    Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5 тэрбум 300 сая төгрөгөөр бууруулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

4.    Зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж, урсгал зардлыг нийт 89 тэрбум 767.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.

5.    Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг төсөл, арга хэмжээний 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй нь уялдуулан, мөн төсвийн төлөвлөлтийг сайжруулах үүднээс нийт 126 тэрбум 315.3 сая төгрөгөөр бууруулахаар болжээ. Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх зорилгоор 2020 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг 296 тэрбум 547.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр 4 их наяд 233 тэрбум 926.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 1427 төсөл арга хэмжээг 2020 онд 1 их наяд 828 тэрбум 930.3 сая төгрөгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

6.    Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын бонд худалдан авахаас гадна Монголбанкны үнэт цаас худалдан авах эрх зүйн зохицуулалтыг нээж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.  Ийнхүү нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд  өөрчлөлт оруулалгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1  хувьтай тэнцүү байхаар тооцжээ.

Нэгдсэн хуралдаанаар төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёололд үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах зардлын хэмжээ, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, төслүүдийн дугаарт холбогдох өөрчлөлтүүдийг хийсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Н.Амарзаяа, Ж.Мөнхбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг дууссан бөгөөд үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, тус бүрээр нь санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулиудыг баталлаа.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батлав

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.19 дэх хэсгийг үндэслэн “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооноос боловсруулан, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх түвшинд чангатгаж ажиллах, Засгийн газрын тусгай сангийн зээлдэгчийг сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэхтэй холбогдсон журмыг баталж мөрдүүлэх, ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2018 оны түвшинд хүргэх, газрын бүртгэлийг цахимжуулж, төлбөрийг хуулийн дагуу ногдуулан, хураах ажлыг эрчимжүүлэх талаар тусгажээ.

Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдээс тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, тогтоолыг баталснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө .


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …