Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо өнгөрсөн 7-р сард VI-р их чуулганаа хийж, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн билээ. Тус холбооны удирдлага болон бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбоотой хорооны бүтцээр ажиллахаар болсон. НАМЗХ-ны Байгаль орчин ногоон хөгжлийн хорооноос өнөөдөр “Хүчилтөрөгч” төслийг хэрэгжүүлэхээр болсон талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Баатар, НАМЗХ-ны Бага хурлын гишүүн Э.Бат-эрдэнэ нар оролцов.
“Хүчил төрөгч” төсөл нь
1.Утаа
2.Хөрсний бохирдол
3.Усны нөөц
4.Цөлжилт
5.Хог гэсэн үндсэн таван чиглэлд үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Эхний ээлжинд агаарын бохирдлыг бууруулж, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, зорилгоор “Утаа” арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва хэлэхдээ: “Манай улсад амьжиргааны түвшингөөс доогуур 10 мянган өрх байна.Тийм учраас эдгээр айлууд руу чиглэсэн арга хэмжээг явуулья гэж шийдсэн. Утааг бууруулах ажлын хүрээнд “Хүчилтөрөгч” төслийн залуучууд 8 багт хуваагдаж, яндан пийшингээ хөөлөх боломжгүй зорилтот бүлгийн айл өрхөөр орж янданг нь хөөлж өгнө. Мөн НАМЗХ-ноос сайжруулсан түлш савлах ажилд залуучуудыг оролцохыг уриалж байгаа юм. Эдгээр залуус ажилласан хөдөлмөрийнхөө хөлсөөрөө сайжруулсан түлш худалдан авч зорилтот бүлгийн айл өрхөд тусламж үзүүлнэ.Үүнийг нийгмийн хавтгай халамж гэж шүүмжилж магадгүй гэхдээ “Утаагүй Улаанбаатар” болохын тулд залуус бид гар бие оролцохоос өөр арга алга” гэлээ.
НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Баатар хэлэхдээ: “Монгол улсын хэмжээнд албан бус тоогоор 8000 орчим сайн дурын ажил хийх сонирхолтой 18-35 насны залуус байна. 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсан. Хуулийн дагаж мөрдөгдөх 13 дүрэм, журам дотор сайн дурын ажилчдыг бүртгэж баталгаажуулах гэсэн тодорхой заалт байгаа. Үүний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-аас сайн дурын ажилчдыг баталгаажуулах ажил явагдаж байна. Өнгөрсөн онд НАМЗХ 500 орчим сайн дурын ажилчдын мэдээллийн сантай болсон. Энэ мэдээллийн сангаа ашиглаад “Хүчилтөрөгч” төсөл дээр ажилуулъя гэж бодож байгаа” гэв.
Мөн цаашид НАМЗХ-ны Байгаль орчин ногоон хөгжлийн хорооноос хандивын дансыг нээх бөгөөд цугларсан мөнгийг пийшин яндан хөөлөх зардалд, эмзэг бүлгийн түлшээ авч чадахгүй байгаа айл өрхөд сайжруулсан түлш авч өгөх зэргээр зарцуулах юм байна.