Өчигдөр Хойд Солонгосын мэдээллийн “ЦТАК” агентлаг орон даяар Ким Чен Ун удирдагчийг Малайз улсын “Help” их сургуулийн эдийн засгийн ухааны докторын зэрэг хүртсэн тухай мэдээг олон нийтэд цацаж ил болголоо. Тодруулбал түүний эрдмийн зэргийн цол гардуулах ёслол аравдугаар сарын 3-нд Куала-Лумпур дахь Хойд Солонгосын Элчин сайдын яманд болсон гэнэ.
Гэхдээ Майлайзын ард түмэн “Help” их сургуулийн ерөнхийлөгч Датук Паул Чаныг удирдагч Ким Чен Ун-д докторын зэрэг цол олгосныг орон даяар шүүмжилж байна. Учир нь “Help” их сургуулийн захиргаа “Манай сургуулийн алдартан” гэсэн бичигтэй 20/30 хэмжээтэй Ким Чен Уны зургийг эдийн засгийн тэнхимийн үүдэнд өлгөсөн нь, оюутнуудын дургүйцлийг ихээхэн хүргэсэн байна. Майлазын ард түмэн түүнийг “Хойд Солонгосын удирдагч Малайзын боловсролын дипломыг худалдаж авлаа” хэмээн шүүмжилсээр байна. Мөн дургүйцлээ илэрхийлсэн оюутнууд Ким Чен Ун-ыг ямар нэгэн эрдэм шинжилгээний ажил хийлгүй, автоматаар зэрэг хүртлээ гэж сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлжээ.