Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монголын соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээний нэг болох гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотноо нээгдлээ.
Онгон дагшин байгальтайгаа харилцан шүтэлцээтэй оршиж ирсэн Монголын нүүдэлчдийн ахуй, соёлын зүй тогтлыг Хятадын ард түмэнд толилуулах тус үзэсгэлэн гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн бүтээлүүдээс бүрджээ.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Г.Ган-Өлзийн энэхүү үзэсгэлэн 40 зургаас бүрдэж байгаа ч дөрвөн улирлын өнгө аяс, манай ард түмний эрт, эдүгээгийн бүхий л төрхийг давтагдашгүй содон өнцгөөс авч чадсан шилдэг бүтээлүүдийн цогц юм” гээд тус үзэсгэлэн Монгол орноо гадаадад сурталчилсан соёлын салбарын чухал ажил болохыг онцлов.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн дарга Зяо зунь, нарийн бичгийн даргын орлогч Ван Жюэ Шюнь, Хятадын гэрэл зурагчдын холбооны гадаад харилцааны хэлтсийн төлөөлөгч Гуан Лэлэ нарын зэрэг хүндэт зочид уригдаж, тус улсын мэргэжлийн гэрэл зурагчид ирсэн байлаа.
Үзэсгэлэн Бээжин хот дахь Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн үзэсгэлэнгийн танхимд 10 хоног үргэлжилнэ.