Компанийн нийгмийн хариуцлагыг бэхжүүлнэ

rМонгол улсад гурав дахь жилдээ “Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум”-ыг зохион байгуулж байна. Компанийн нийгмийн хариуцлагын (КНХ) тухай ойлголт нь Монголд төдийгүй дэлхийд харьцангуй шинэ зүйл болохыг хуралд илтгэл тавигсад хэлж байсан юм. Одоогийн байдлаар Монгол улс компанийн нийгмийн хариуцлагын талаарх үндэсний бодлоготой болохоор ажиллаж байна. Гэхдээ яг хэдийгээр эцэслэн боловсруулж дуусах нь тодорхойгүй байна. Энэ чиглэлд Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БОНХЯ гэх мэт найман төрийн байгууллага, долоон ТББ, гурван олон улсын байгууллага ажиллаж буй ажээ. Европын холбооны гишүүн орнуудын хувьд КНХ-ын чиглэлээр өөр өөрсдийн чиглэл төлөвлөгөөг боловсруулан мөрддөг байна. Герман улсын хувьд КНХ-ыг маш чухалд авч үздэг ч сайн дурын үндсэн дээр энэхүү ажлыг хийх удирдамж мөрддөг ажээ. Тус улс 2009 онд бүх талын төлөөлөл оролцсон 44 экспертээс бүрдсэн багийн оролцоотойгоор анх КНХ-ын талаарх баримт бичгийг гаргаж байжээ. Улмаар 2010 онд КНХ-ын стратегийг боловсруулан баталжээ. Одоо Германы шилдэг компаниуд КНХ-ын тайлангаа сайн дурын үндсэн дээр гаргаж буй юм. Харин Европын холбооны гишүүн орнуудад энэ тайланг албан байдлаар буюу заавал гаргадаг байх үүргийг компаниуд хүлээжээ. Монголд эдгээр хоёр зарчмын аль нь хэрэгжих нь удахгүй шийдэгдэнэ. Одоогийн байдлаар Монголд КНХ-ын чиглэлээр гурван судалгаа хийгдээд буйн зэрэгцээ энэ талаарх ойлголт сулхан байгаа ч компаниуд дотооддоо уг ойлголтыг богино хугацаанд нэвтрүүлж чадна гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. Монголд энэ чиглэлээр хийсэн тэдгээр судалгааны ерөнхий дүгнэлтүүдэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уул уурхайд тусгайлсан удирдамж боловсруулах, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, олон нийт хувийн хэвшлийн хоорондын түншлэлийг бэхжүүлэх, КНХ-ын хяналтын төв байгууллагын бүтцийг бий болгох саналууд тусгагджээ. КНХ нь нэг удаагийн хандив өглөг бус урт хугацааны тогтвортой үйл ажиллагаа болохыг Компанийн засаглалын хөгжлийн төвийн багш Д.Одон, Ц.Оюунжаргал нар ярьж байсан юм. Түүнчлэн КНХ нь тухайн компанийг бүхий л үйл ажиллагаа, тэр ч бүү хэл хамтрагч байгууллагуудынхаа үйл ажиллагааг цэвэр шударга, хуулийн хүрээнд байлгах нөхцөлийг бүрдүүлдгээрээ илүү ач холбогдолтой ажээ. Энэ нь цаад утгаараа компанийн урт хугацааны найдвартай үйл ажиллагааг дэмжиж, улс орны эдийн засгийн өсөлтийг бэхжүүлдэг байна. Монгол улс КНХ-ын бодлого, стратегитэй болсноор хүний эрхийг дээдэлсэн, хууль эрх зүйн хүрээний, ёс зүйтэй байдал, хариуцлагатай маркетинг бүхий, байгаль орчин, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа зэргийг салбар салбарын компаниудад нэвтрүүлэх суурийг бүрдүүлэх ажээ. Энэхүү чухал ойлголт нь орчин үеийн нийгэмд улам бүр ач холбогдолтой болж буй тул НҮБ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллага КНХ-ыг нэн тэргүүнд авч үзэж, өөрсдийн дүрэм журмыг хэдийнэ гаргажээ. Олон улсын хэмжээний компаниуд ч энэ дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

эх сурвалж: mining.news.mn Б.Төгс

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …