Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригт тусгасан дөрвөн асуудалд 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулах тухай зүйлд хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлснийг, Ирээдүйн өв сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөд тус тус хориг тавьсан.
Уг асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Ерөнхийлөгчийн хориг тавьсан гурван асуудлын хоёрыг нь хүлээж авахгүй, нэгийг нь хүлээж авах шийдвэрт хүрчээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “2020 оны улсын төсвийн хуультай холбоотойгоор Ерөнхийлөгч хориг тавьсан дөрвөн асуудал бий. Төсвийн тухай хуультай холбоотой хоёр асуудал байгаа. Энэ нь 2020 онд барилгын ажил нь эхлэх объектууд 2021 он дамжиж хэрэгжихийг ирэх оны төсвөөс хасах тухай хоёр санал Ерөнхийлөгч ирүүлсэн. Үүнийг бүлгээр хэлэлцээд 2020 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, төсвийн тухай хуулийг дагалдаж гарсан Ирээдүйн өв сангийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнийг мөн хүлээж авах боломжгүй гэж үзсэн.
Гуравдугаарт, НДС-гийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч мөн хориг тавьсан. Гол нь НДШ-ийг нэмэгдүүлсэнд хориг тавьсан. Энэ хоригийг МАН-ын олонх хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бол хэсэгчлэн хоригийг хүлээж авч болно гэсэн заалт байдаг.
Тийм учраас Ерөнхийлөгчийн хориг тавьсан гурван асуудлын хоёрыг нь хүлээж авахгүй, нэгийг нь хүлээж авах шийдвэрт хүрсэн. Мөн Ерөнхийлөгчөөс Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсныг МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж бүлгийн олонх үзсэн” гэлээ.