Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй Ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллан 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх юм. Үүнийг иргэд, төрийн байгууллагууд ашиглах боломжтой. Цаашид хариуцлагатай уул уурхай эрхлэхтэй холбоотой хууль, дүрэм, журмыг мөрдүүлэх чиглэлээр ажиллана. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Ингэснээр 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурчээ. Үүний 1664 нь ашиглалтын, 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм.
Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хэмжээг нэмлээ
Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоов. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болголоо. 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэв. Үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.
Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай илчлэг, шим тэжээлийн шаардлага хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн бэлдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд үүрэг болгов.
2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.
Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулав
Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолооор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгосон. Энэ нь улс, бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан гэж үзлээ.
Яам, агентлаг болон төрийн бусад байгууллага бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ худалдан авах ажиллагаа хариуцах болсон нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал нэмэгдэх, цаг алдах зэрэг сөрөг тал бий болгосон байна.
Онцгой байдлын албанд гал унтраах 72 автомашин авна
Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбоотой төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Зээлийн хөрөнгөөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас гал унтраах 72 автомашин, тоног төхөөрөмж худалдан авч Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн газар, хэлтэст олгоно. 15.4 сая еврогийн зээлийн хугацаа долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа хоёр жил байх юм.
Одоогийн шаардлага, стандартаар Онцгой байдлын албаны аврах, гал унтраах 68 ангид есөн нэр төрлийн 501 гал унтраах автомашин байх ёстой. Гэсэн ч зургаан нэр төрлийн 240 автомашинтай байгаа нь албаны бэлтгэл, бэлэн байдлын түвшин 48 хувьтай гэсэн үг юм. Энэ нь улсын хэмжээнд гарч байгаа ой, хээрийн болон обьектын түймэрт түргэн шуурхай очих, бүрэн унтраахад ихээхэн хүндрэл учруулж байна.
Сайжруулсан шахмал түлшийг НӨТ-аас чөлөөлөхтэй холбоотой төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ
“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Сайжруулсан шахмал түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч түлшийг НӨАТ тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчлэнэ
“Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм.
10 сая ам.долларыг шугам сүлжээг сэргээн засварлах, шинээр суурилуулах, насос, хяналтын самбар зэрэг эрчим хүч хэмнэх горимтой хий шахах станц суурилуулах, төвийн дулааны дэд станцуудыг сайжруулах, эрчим хүчний төв барих, шөнийн цагаар үйлдвэрлэсэн эсвэл дулааны болон цахилгаан станцуудын илүүдэл дулааныг хадгалж дулаан түгээлтийн үр ашгийг нэмэх аккумуляторууд суурилуулах зэрэгт зарцуулна.
Зээлийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1 хувь байх юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 1.5 сая ам.долларын санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэжээ.