“Мон-Эрдэнэ” компанийн захирал П.Энхмөнхийг энэ сарын 14-нд нэгэн эмэгтэйг хүчиндсэн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар албаны эх сурвалж “Сүхбаатар дүүргийн иргэн Д гэгч тус цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу дүүргийн цагдаагийн хэлтсээс П.Энхмөнхийг бусдад хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангасан байж болзошгүй” хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэлээ. Хохирогч гэх бүсгүйг ч мөн шалгаж байгаа гэв. Учир нь П.Энхмөнх хүчиндүүлсэн хэмээн гомдол гаргаад байгаа Д гэх бүсгүйгээс түрүүлж цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байна лээ хэмээн ойрын эх сурвалж дурдав. Тэрбээр “Зохион байгуулалттайгаар их хэмжээний мөнгө авах гэсэн хүмүүс зохиомол хэрэг үүсгэн намайг гүтгэхийг оролдож байна. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага хүртэл оролцож байгааг үнэн зөвөөр шалгаж өгнө үү” гэх утга бүхий өргөдлийг цагдаагийн байгууллагад өгсөн аж.
Дээрх хоёр гомдлыг цагдаагийн байгууллага хоёр талаас нь шалгаж эхэлжээ. П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх эмэгтэй Д-гийн хадгалж байсан үрийн шингэнийг арчсан гэгдэх цаасыг шинжилгээнд явуулаад байгаа гэнэ. Шинжилгээний хариу удахгүй гарах юм байна. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогч гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөлдөө “Бид цахим сүлжээгээр харилцдаг байсан. Удаа дараа уулзах санал тавьж байгаад ажил дээр ирж уулзсан юм. Тэгээд хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангасан” гэх утга бүхий өргөдөл өгсөн байна. Д гэх эмэгтэй гадаадад дээд сургууль төгссөн бөгөөд нэгэн компанийн захирлын охин гэх мэдээлэл байна. Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан иргэн П.Энхмөнхийн өргөдлийн дагуу түүнийг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгтэн болгох гэсэн эсэхийг давхар нягталж байгаа аж.
Учир нь Д гэх эмэгтэйгийн П.Энхмөнхтэй цахим хаягаар харилцаж байсан болон хэргийн талаар эхлээд цагдаад мэдэгдэлгүй мэдээллийн сайтуудад тараасан зэргээс харахад зохион байгуулалттайгаар мөнгө олох гэсэн оролдлого байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Удахгүй П.Энхмөнх бусдыг хүчиндсэн үү эсвэл зохион байгуулалттайгаар түүнийг гэмт хэрэгтэн болгох гэж байна уу гэдгийг хуулийн байгууллага тодорхой болгох нь дамжиггүй. П.Энхмөнхийг “Мон-Эрдэнэ” компанийн захирал асан “Дорнын хүлэг” галын уяач, Монгол Улсын алдарт уяач Пунцагбалжирын хүү гэдгээр нь хүмүүс андахгүй мэддэг билээ.
Э.Баатар