2020 оны Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт (WEF) Швеицарийн Давос хотноо болж байна. Улс төр бизнесийн голлох удирдагчид, идэвхтнүүд нэг дор цуглаж, дэлхий дахинд тулгараад байгаа чухал асуудлуудыг хэлэлцдэг Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр чуулганы нээлтэд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үг хэлэхдээ АНУ-ын эдийн засгийн ололт амжилтыг онцолсон байна. Тэрээр хэлсэн үгэндээ худалдааны томоохон хоёр гэрээний талаар дурдаад, Америкчууд “урьд байгаагүйгээр яллаа” хэмээн мэдэгджээ.
Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг шүүх ажиллагаа Сенатын танхимд эхлэхээс хэдхэн цагийн өмнө тэрбээр үг хэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-тай байгуулсан худалдааны эхний үе шатны хэлэлцээр болон Сенатын танхимын баталсан Канад, Мексиктэй байгуулах худалдааны шинэ хэлэлцээр нь Америкийн дунд ангийн ажилтнууд болон компаниудад ихээхэн ач холбогдолтойг онцолжээ. Мөн Д.Трамп өөрийн манлайллыг дагаж, “захиргаадалтыг” зогсоож, ард иргэдээ “чөлөөлөхийг” бусад улс оронд уриалжээ.
Д.Трамп Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох хугацаандаа хэд хэдэн улс орны удирдагчидтай уулзана. Энэ удаагийн Давосын чуулга уулзалтад 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 5000 орчим цэргийн алба хаагч, цагдаагийн ажилтан ажиллаж байгаа ажээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриаллаа
Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Доналд Трамп болон уур амьсгалын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэгч Грета Тунберг нарын хооронд юу өрнөх бол гэсэн асуудал яах аргагүй анхаарал татаж байсан. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар дөнгөж 17 настай Грета Тунберг хэмээх охин дэлхийн томоохон улс орны төрийн тэргүүнүүд хандаж хатуухан үг хэлдэг, үүгээрээ ч АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай твиттерээр хэд хэдэн удаа мэтгэлцээд авсан тохиолдол байдаг.
Харин энэ удаагийн чуулга уулзалт дээр ч мөн адил Грета Тунберг дэлхийн удирдагчдад хандан хатуухан үг хэлээд амжсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлтийн талаар дурдсан юм.
Тэрээр АНУ 1 их наяд мод тарих санаачлага гаргаж байгааг дурдаад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн дэлхийн сүйрлийн талаарх дүгнэлтийг няцаасан утгатай үг хэлжээ. Доналд Трампыг нээлтийн үг хэлснээс хойш цагийн дараа илтгэлээ тавьсан 17 настай Грета Тунберг, 1 их наяд мод тарих нь хангалтгүй гэдгийг онцлоод, 73 настай ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх энэхүү идэвхгүй байдал Эх дэлхийд нүүрлээд буй түймрийг улам өдөөж байна хэмээн хэлжээ.
Мөн тэрээр Агаар дахь нүүрсхүчлийн хийн ялгарал болон үүний уур амьсгалын өөрчлөлт хэлбэрээр илэрч буй хор уршгуудын талаарх мэдээллийг дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үл тоомсорлож байна хэмээн мэдэгдсэн байна. Агаарын температур 1.5 хэмээр нэмэгдэх нь яагаад чухал үзүүлэлт вэ? Учир нь 1 хэмээр нэмэгдэхэд л уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хор уршгийн улмаас хүмүүс амь насаа алдаж байна. Уур амьсгалын тогтворгүй байдлыг зогсооход шинжлэх ухааны зорилго оршиж байгаа юм. Өнгөрсөн зунаас хойш би энэ тоог ахин дахин давтан хэлж байгаа хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ядаж нэг нь ч энэ талаар дурдаж байгааг харсангүй. Та бүхний энэ талаар ярьж, сонсохыг хүсэхгүй байгааг би мэдэж байгаа хэдий ч та бүхнийг хөдөлж эхлэх хүртэл үүнийгээ үргэлжлүүлсээр байх болно” хэмээн тэрбээр ярьжээ.