Мөн хоёр байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, аль салбарт дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, түүнчлэн Монголын сонгуулийн байгууллага Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн оролцох, ямар хувь нэмэр оруулах боломжтой талаар санал солилцлоо. Түүнчлэн техникийн дэмжлэг, хууль зүйн туслалцаа үзүүлэх, туршлага судлах зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжийг судлахын зэрэгцээ сонгогчдын бүртгэл, сонгуулийн маргааныг шийдвэрлэж буй байдал, бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж буй асуудал сонирхлыг нь татаж байгааг олон улсын байгууллагын төлөөлөгчид илэрхийлэв.
Тус байгууллагын олон улсын ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бүхий л үйл явцыг ажигласан талаар дэлгэрэнгүй дүгнэлт гаргах бөгөөд түүнд тусгагдах зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах нь дараа дараагийн сонгуулиудыг зохион байгуулахад тус нэмэр болно гэж үзэж байгаа гэнэ. Мөн Монголын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны гишүүн бусад орнуудын сонгуульд ажиглагчаар оролцохыг урилаа. Энэ нь бусад орны сонгуулийн туршлагыг судлах ач холбогдолтой төдийгүй Монгол Улс сүүлийн сонгуулиудыг амжилттай зохион байгуулсан туршлага ч мөн адил гишүүн орнуудын сонирхолыг татаж байгааг ноён В.Ю.Ельченко дурдлаа. Харин Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн урилгыг хүлээн авч байгаагаа илэрхийлээд, тус байгууллагаас зохион байгуулагдах сургалт семинаруудад оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Эгнээндээ Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь итгэлцэл, аюулгүй байдал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмын эсрэг тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ байгууллагын 300 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагч, шинжээчдийн баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг урт болон богино хугацаагаар ажиглаж, дүн шинжилгээ хийхээр болжээ.