МАН-ын XXVII их хурал Соёлын төв ордонд үргэлжилж байна. Тус их хурлын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодруулга авлаа.
– Та МАН-ын XXVII их хурлаас ямар үр дүн хүсч байна вэ?
– Үе үеийн МАН-ын их хурал бүхэн өөрөө түүхэн үйл явдал болон үлддэг. Тийм ч учраас Тэрч үүднээсээ МАН-ын их хурлаас гаргасан шийдвэр бүхнийг ард түмэн анхаарал тавин ажигласаар ирсэн. Энэ удаагийн хурал өмнөх хурлуудаас түүхэн ач холбогдлынхоо хувьд илүү өндөр ач холбогдолтой байх ёстой л доо. Монгол орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Ард түмний нуруун дээр буугаад байгаа энэ их татварын дарамт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хийгээд эдийн засгийн зөв шийдлээ хүлээж байгаа олон асуудлууд байна. Тиймээс энэ хурлаас батлагдах шинэчлэх хөтөлбөр, намын дотоод дүрмийн шинэчлэл, цаашлаад намын мөрийн хөтөлбөр зэрэг олон асуудлууд өөрөө эргээд улс эх орныхоо ирээдүйд сайнаар нөлөөлөх учиртай. Тийм л үр дүнг хүлээж байна даа.
– МАН-ын даргад нэр дэвших хүмүүс тодроод байгаа. Та намын даргад нэрээ дэвшүүлэх үү?
-Намын даргад хэд хэдэн хүний нэр дэвшихээр яригдаж байгаа юм билээ. Хурлын явцад өөр хүмүүс нэмэгдэх хандалгатай байна. Хурлын төлөөлөгчид эцсийн дүндээ энэ асуудлыг шийднэ. Хурлаар чухам хэн хэнийг нэмж дэвшүүлэх санал оруулахыг одоогоор таах боломжгүй юм. МАН-ын дарга болох хүнд маш их үүрэг хариуцлага ирнэ. Ирэх сонгуулийн болоод намынхаа мөрийн хөтөлбөр, хөгжлийг удирдаж чадах тийм хүний орон зай үгүйлэгдсээр байгаа.
Ж.Мядагбадам
Эх сурвалж:МНБ