Өчигдөр /2020.03.03/ Хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүсийн хамтаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээр орж ажилласны дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Зуунмод чиглэлийн “Өлзийтийн ТАЦ” шалган нэвтрүүлэх товчоонд хотын Захирагч ажиллаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа албан хаагч нартай уулзан, ажил байдлын талаар ярилцаж, санал солилцлоо.
Хот хоорондын хөдөлгөөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06:00 цагаас нээгдэж эхэлсэнтэй холбоотойгоор хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, шалган нэвтрүүлэх товчоодод ачаалал үүссэн байв. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газрын албан хаагчид 24 цагаар ажиллан, хот руу орж байгаа болон хотоос гарч байгаа иргэдээс асуумж авч, халууныг нь хэмжин эрүүл мэндийн тандалт явуулж байгаа юм.
“Өлзийтийн ТАЦ” шалган нэвтрүүлэх товчоогоор оройн 18 цагийн байдлаар нийт 2256 тээврийн хэрэгсэл 6647 иргэн нэвтэрчээ. Халдвараас сэргийлэхийн тулд асуумж авч, эрүүл мэндийн үзлэгийг иргэн бүрт хийж байгаа учраас ачаалалтай байгаа талаар Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид хэллээ. Одоогийн байдлаар сэжигтэй тохиодол илэрээгүй, иргэдийн зүгээс ямар нэгэн байдлаар тээршааж дургуйцлээ үзүүлээгүй байна.
Хотын Захирагч шалган нэвтрүүлэх товчоонд ажиллах үеэрээ жолооч, зорчигчдийн төлөөлөлтэй санал солилцон, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, элдэв эрсдэлээс сэргийлэх нөхцөл байдалтай тохируулж ажиллаж байгааг ойлгож, хүлээцтэй хандаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүндрэлтэй байгаа асуудал бий эсэхээр ярилцаж байв. Иргэд дэлхийн хэмжээнд тархаад буй халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж, яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Тэндээс буцах замдаа Хан-Уул дүүрэгт хотын Захирагч С.Амарсайхан ажиллах үеэрээ нийслэл хот 2020 оныг стандарттай жил болгон зарласантай холбогдуулан Туул голын дагуу оршин сууж байгаа иргэдийн болон Хийморь хотхоны урд хэсэгт байрлах нурж шахсан, эвдэрхий хашаа хайсыг буулгаж, стандартын дагуу өнгө үзэмжтэй хотын соёлд нийцсэн нэгдсэн нэг хашаатай болгох үүргийг Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд үүрэг болголоо.
Мөн Хөдөө аж ахуйн их сургуулиас баруун зүгт чиглэсэн хэсгүүдэд ногоон байгууламж, тохижилтын ажлуудыг хийж зам дагуух барилгуудыг стандартын дагуу нэгдсэн нэг төрлийн хашаатай болгохыг Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд даалгав.