Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 3 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзаж, ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу БНТУ-д богино хугацааны визтэй зорчсон хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдээ тусгай захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдээлэн, хамтран ажиллахыг хүсэв. Мөн Монгол Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу БНТУ-аас нутаг буцах монгол иргэдийг “COVID-19” вирусын шинжилгээнд хамруулахад туркийн талаас дэмжлэг хүсэв.
Элчин сайд Ахмет Язал БНТУ тэр дундаа Истанбулын олон улсын нисэх онгоцны буудалд “COVID-19” вирусын эсрэг авч буй арга хэмжээний талаар танилцуулж, Турк Улс найдвартай, хямд оношлуур гаргасан талаар мэдээлэл өгөв. Элчин сайд Истанбул руу тусгай захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж, хариу өгөхөө мэдэгдэв.