Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ШИНЭ намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтан, ажилтнууд оролцлоо.
Хуралдаанаар УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан, ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлгүүдийг цахимаар явуулах техникийн боломж, шаардлага, анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Ажлын хэсгийн хурал болон хэлэлцүүлгүүдийг цахимаар явуулах бүрэн боломжтой. Харин Чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдааныг цахимаар явуулах үед УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөх асуудал яригдаж байгаа. Учир нь гишүүд саналаа өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ санал өгнө гэж уг хуульд заасан байдаг талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулаад, гишүүдийг санал бодлоо хэлэхийг хүсэв.
Байнгын хороодын дарга С.Бямбацогт, М.Оюунчимэг нар УИХ үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх ёстой. Тиймээс санал бодлоо солилцох, зарим зайлшгүй чухал шийдвэр гаргах үйл явцыг цахимаар тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй гэсэн санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар хэдийгээр хязгаарлалтын дэглэм үйлчилж байгаа ч шийдвэл зохих асуудал цөөнгүй байна. Тиймээс УИХ ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Туршилтын хурал хийж үзлээ. Техникийн хувьд бүрэн боломжтой нь харагдлаа. Даргын дэргэдэх хурал болон УИХ-ын даргын захирамж гаргах, санал солилцох зэрэг асуудлыг ийм байдлаар хэлэлцэн шийдвэрлэж болох юм байна. Даргын дэргэдэх хуралдааны журамд онлайнаар буюу цахимаар хуралдаж болно гэж заасан байдаг. Цаашид нийт гишүүд энэ программаар харилцаж, асуудлаа ярилцаж байя. Дэгийн тухай хуульд биеийн давхцахгүй өгөгдлөөр ирцэд бүртгүүлэхээр заасан байдаг. Мөн саналаа гараа өргөж өгч болно гэсэн заалт ч бий. Тэгэхээр онлайнаар саналаа өгөх боломж байна. Гэхдээ сайтар судалж, хуульчдын дүгнэлт гаргуулах замаар нэгдсэн ойлголцолд хүрэх талаар бид судалж байгаа. Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн гаргасан онцгой нөхцөлийн үед УИХ холбогдох шийдвэрээ хойшлуулалгүй гаргах, ээлжит бус чуулган хуралдуулахын тухайд бол зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Хүнсний барааны хомсдолоос сэргийлэх, ариун цэврийн бодис, хамгаалалтын хэрэгслийн хүрэлцээг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дөнгөж сая Эдийн засгийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд нартай хуралдаж, ярилцлаа. ҮАБЗ дээр ч асуудлыг ярилцаж байгаа.
Засгийн газраас яаралтай шийдүүлэх хуулийн төсөл өргөн баривал хойшлуулалгүй хэлэлцэх болно. Одоогоор хууль, тогтоомжийн төсөл өргөн бариагүй байна. Даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг энэ 7 хоногт цахим хэлбэрээр дахиж хийнэ” гэлээ.