УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушокийн “ETV”-д онлайнаар өгсөн ярилцлагын асуудлаар хариу тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр “С.В.Паушок гэгч нь 1997-1998 оны үед Монголд орж ирээд алтны олборлолтын бизнес эрхэлж байсан. Ерөнхийдөө Монголын хуулинд захирагддаггүй, Монголын газар, нутгийг өөрийн хувийн өмч мэтээр тооцон, татвараа төлдөггүй байсан. 1990-ээд он бол Оросын дотоод амьдралд туйлын эгзэгтэй хүнд үе байсан. Заамар гэх мэт нийт дүнгээрээ 40 шахам ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз авч үйл ажиллагаа явуулж, тэр үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь Монголын төр хууль, хяналтыг оруулдаггүй, Монголын зарим улс төрчдөөр бамбай хийж, тэдний нөмөр нөөлөгт дураараа дургиж байсан явдал байдаг. 2006 онд намайг УИХ-ын дарга байх үед 68 хувийн татварын хууль гарсан.
Харин энэ хуулийн дагуу тухайн үед татвар төлөхөөс зайлс хийсэн ба тэр ажиллагааг нь тухайн үеийн Монгол банкны дарга байсан О.Чулуунбат өөгшүүлж, 1,5 тонн алтыг Монгол банкинд хадгалалт нэрийдлээр байлгаж татвар төлөхөөс зайлсхийсэн” гэлээ. Мөн 68 хувийн татварын хуулийг гаргах эрхгүй байсан энэ хуулийн дагуу татвар төлөхгүй. Монголын Засгийн газраас мөнгө нэхэмжилж байна гээд 1,5 тэрбум ам.долларын буюу өнөөдрийн яригдаад байгаа бондын мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг Монголын Засгийн газраас 2007 онд нэхэмжилж Олон Улсын Арбитрын шүүхэд өгсөн байна. Ц.Нямдоржийг 2008 онд Хууль зүйн сайдаар дахин томилогдох үед энэхүү маргаан ид явагдаж байсан аж. Тухайн үед Засгийн газар Америкийн хуулийн фирмийг 6 сая ам.доллар зарцуулан байж хөлслөн авч 2011 онд Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр” манай талд гарсан ажээ. Энэ бүх завхралыг зохион байгуулсан С.В.Паушок гэгч нөхөртэй Монгол банкны дарга асан О.Чулуунбат холбоотой байсан байна.