“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийг төлөөлж Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар өнөөдөр гардуулан өглөө.
“Алсын хараа-2050”-ын гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд танилцуулсан бөгөөд Монгол Улсын хувьд өнгөрсөн 30 жилд алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо дараагийн 30 жилд бататгах нь чухал учраас энэ бүхнийг цогцоор нь багтаасан бодлогын баримт бичиг болсон гэдгийг онцолсон юм.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг, төсөл зэргүүд нь бодитой ажил болж чадаагүй гол шалтгаан нь засаглалын тогтворгүй байдал, улс төрийн намууд нь ойлголцож улс орны хэмжээний бодлогын баримт бичгүүдээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой. Тиймээс улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намчирхалгүйгээр хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон учраас энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулсан гэлээ. Ардын багш С.Дуламын хувьд дэлхий нийтээрээ “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”-ийг чухалчлах чиг хандлагатай болсон учраас энэхүү бодлогын баримт бичгийг ч үүн дээр илүү анхаарч боловсруулсан гэдгийг тодотгосон. Монгол улсын хөгжлийн загвар бусдаас өөр байх ёстой гэдэг зарчмыг барьсан гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монгол Улсад өнгөрсөн 30 жилд 500 гаруй баримт бичиг батлагдсан нь томдсон тоо байсан гээд тэр бүгд хэрэгжиж чадаагүй шалтгааныг эргэж нарийн тооцож, бодитой ажил болгох үндэслэлийг энэхүү “Алсын хараа-2050”-д тусгасан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулсан Засгийн газар, хамтарч ажилласан эрдэмтэн, судлаачид, ажлын хэсгийн нийт гишүүдэд талархал илэрхийлэв.
“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, ЗГ-ын яамдын ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн есөн сарын турш хамтран ажилласан юм.
Тус бодлогын баримт бичгийн төслийг үүнээс өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар, улс төрийн намуудын дарга нар, аймгуудын удирдлагуудад тус тус хүлээлгэж өгсөн бөгөөд ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байгаа юм. Мөн иргэдийн дунд болон улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөллүүдээр төслийг хэлэлцүүлж, санал бодлыг нь тусгуулахаар ажиллаж буй билээ.
Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн. “Алсын хараа-2050”-ийн бодлогын гол цөм нь “Монгол хүн” байж хөгжлийн бодлогын зорилго бүр нь Монгол хүний сайн, сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.