УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр /2020.04.06/ болсон. Хуралдаанаар их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх саналыг гаргажээ.
Коронавирусийн улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Тус шийдвэрт их, дээд сургуулийн багш, ажилтнуудын асуудал хамрагдах эсэх нь тодорхойгүй байсан.
Үүнтэй холбогдуулан МУИС-ийн захирлын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон УИХ дахь МАН-ын бүлэгт их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулж, НДШ-ээс чөлөөлөх тухай үндэслэл бүхий саналыг хүргүүлээд байжээ.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын тогтоолын төсөлд тусгуулахаар шийдвэрлэсэн байна.
Үүнээс гадна банкны шинэчлэлийн асуудаар ажлын хэсэг гарч ажиллахаар болжээ. Мөн ноолуурын үнэтэй холбоотой асуудалд Засгийн газрын гаргасан шийдвэрийг зөв гэж үзэж байгаа ч аль болох хурдан хугацаанд ААН-үүдтэй ойлголцож, онцгой анхаарах нь зүйтэй гэдэг чиглэл Засгийн газарт өгөхөөр болсон байна.