Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.
Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хийжээ. Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна.
Корона вирусын тархалт дэгдсэн энэ цаг үед төр, хувийн хэвшлийн ажилтан албан хаагчдыг цахимаар ажиллуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт бүхий цахим худалдааг дэмжих, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвзрлэгчдээ дэмжих арга хэмжээнд шаардлагатай үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлыг тогтоолд тусгах талаар Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед хэлэлцэхийг хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Дараа нь санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах санал хураалтыг нэгбүрчлэн явуулсан бөгөөд гишүүдийн олонхийн дэмжлэгээр хуулиудыг батлав.