“Forbes” сэтгүүлээс энэ жилийн дэлхийн хамгийн баян эрхмүүдийг танилцууллаа. Жагсаалын эхэнд Амазон коропорацийн тэргүүн Жефф Безoс 3 дахь жилдээ дараалан бичигдсэн байна
“Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос 3 дахь жилдээ дараалан тэргүүлж байна. “Forbes” сэтгүүлээс 34 дахь жилдээ гаргаж буй энэхүү жагсаалтад Жефф Безосын хөрөнгө нэг жилийн дотор 18 тэрбум ам.доллароор буурч, 113 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.
Жагсаалтын хоёрдугаарт “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс 98 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигджээ.
Францын “LVMH” компанийн Ерөнхий захирал Бернар Арно энэ жил нэг байраар ахиж, жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна. Түүний хөрөнгө 76 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.
Өмнө нь гуравдугаарт жагсаж байсан “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Уоррен Баффетт дөрөвдүгээр байр руу доошилжээ. Түүний хөрөнгийн хэмжээ жилд 15 тэрбум ам.доллароор буурч, 67.5 тэрбум ам.долларт хүрчээ. Тэрбумтан Ларри Эллисоны хөрөнгө 59 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, жагсаалтыг тавдугаарт бичигдсэн байна.
Тийнхүү дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад нийт 2095 хүн багтсан бөгөөд тэдний нийт хөрөнгийн үнэлгээ 8 их наяд ам.долларт хүрчээ. 2019 онд энэ жагсаалтад 2153 хүн багтаж байсан бөгөөд тэдний нийт хөрөнгө 8.7 их наяд ам.доллароор үнэлэгдэж байсан аж.