Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгох үүднээс болон эрүүл мэндийн шалтгаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаан оролцсон гишүүдийн 72.7 хувь нь чөлөөлөхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Лүндээжанцан, С.Жавхлан, О.Баасанхүү нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.
Энэ үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар тус тус танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор нууцаар, саналын хуудсаар хураахаар шийдвэрлэж, тооллогын комисс байгууллаа. Тооллогын комиссын дарга Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ саналын хуудас болон нууц санал хураах журмыг танилцуулсны дараа санал хураалтыг эхлүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаанаар нууц санал хураалтын дүнг танилцуулна.