Сүүлийн хэдэн жилийн турш дөрвөн оронтой тоогоор хэмжигдэх үнэ бүхий ухаалаг утас худалдаанд гаргасан “Apple” компани хэрэглэгчдийнхээ хүрээг нэмэгдүүлэх үүднээс хямд үнэтэй “iPhone” гар утсыг худалдаанд гаргахаар болжээ.
“2016 онд олон нийтэд танилцуулж байсан “iPhone SE” гар утасныхаа шинэ хувилбарыг худалдаанд гаргана” гэж “Apple” компани өнгөрсөн лхагва гарагт зохион байгуулсан цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Шинэ “iPhone SE”-гийн үнэ 399 ам.доллароос эхлэх ажээ. 4.7 инчийн дэлгэцтэй уг гар утас нь хамгийн сүүлийн үеийн загвар болох “iPhone 11”-ээс /6.7 инч/ жижиг хэмжээтэй хэдий ч “iPhone 11 Pro”-гийнхтэй ижил хурдтай процессортой бөгөөд “Retina HD” дэлгэц, хурууны хээ мэдрэгч товчлууртай байна. Энэ сарын 24-нөөс худалдаанд гарах “iPhone SE”-гийн урьдчилсан захиалга баасан гарагт эхэлнэ.
Энэхүү гар утас нь цагаан, хар, улаан өнгийн сонголттой юм. “Apple” дөрвөн жилийн өмнө “iPhone SE” гар утсаа мөн 399 ам.доллароор худалдаанд гаргаж байжээ. “Apple” компанийн хамгийн том зах зээлүүдийн нэг болох Хятадад энэ оны хоёрдугаар сард 500 мянга орчим “iPhone” гар утас худалдаалагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 60 гаруй хувиар буурчээ.
Цар тахал “Apple” компанийн энэ оны төлөвлөгөөнд ихээхэн нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Түүнчлэн зарим ажиглагчийн үзэж буйгаар, “Apple” жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах арга хэмжээгээ хойшлуулж магадгүй ажээ.