УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.04.20/ ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, хаврын чуулганаар хэлэлцэх чухал шаардлагатай асуудлын талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрсэн.
Хоёрдугаарт, цар тахлын чиглэлээр бие даасан хууль гаргах нь зөв гэж гишүүд үзсэн. Тэрхүү хуулийн төслийг хэлэлцлээ.
Гуравдугаарт, ноолуур болон үр тариа зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
Хаврын чуулган эхлээд хоёр долоо хонож байна. Энэ жил сонгуулийн жил. Тиймээс тавдугаар сард хаврын чуулганыг нэлээн идэвхтэй хуралдах шаардлага үүссэн. Учир нь, бид 2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан. Энэ өөрчлөлтийн дагуу шинэ парламент бүрдэх,Үндсэн хуулийг хэрэгжүүлэхэд 40 гаруй хуулийг баталсан байх шаардлагатай. Энэ бүхнийг хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай байгаа юм. Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг ирэх долоо хоногт хурлаар оруулж, тодорхой асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бүлэг үзлээ” гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр : УИХ-аас өгсөн үүргийн дагуу Корнавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай нэг удаагийн хууль гаргаж байгаа.
ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хорио цээрийн дэглэм цуцлагдсан өдрөөс энэ хууль хүчингүй болно.
Шинэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзсэн. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай бол иргэдийн эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар бие даан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Засгийн газарт санхүүгийн болоод зохион байгуулалтын, үйл ажиллагааны онцгой эрхүүд олгоно. Холбогдох яам, албан тушаалтнуудын хүлээх үүрэг, хариуцлага мөн тодорхой болж байгаа.
Вирусийн голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг онцгой анхаарах, тэдэнд зориулсан, ипотекийн хөтөлбөрүүд орсон. Монгол Улс халдварыг дотроо алдаагүй нөхцөл байдлыг хадгалахад энэ хууль том үүрэг гүйцэтгэнэ.
УОК-ын гүйцэтгэх эрх үүргийг бэхжүүлэх, хурдтай ажиллах боломжийг бүрдүүлнэ. Цар тахалтай холбоотойгоор төрийн болон бусад байгууллага аж ахуйн нэгжийн эрх үүрэг, иргэдийн эрх үүрийг тодорхой болгож байгаа. Хариуцлагыг чангатгасан. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн халдварт өвчинтэй холбоотой заалтыг чангатгасан.