УИХ-ын 3 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон 11.00 цагт хуралдаж, Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн тус байнгын хороо Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чех Улсын хэлэлцээр, Хамтран ажиллах тухай Монгол Улс, Уур амьсгалын ногоон сангийн хэлэлцээр, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг хэлэлцэх аж. Түүнчлэн Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, Вьетнам Улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.
Үдээс хойш буюу 14.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсоно.