Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ коронавируст (COVID-19) халдварын цар тахлын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр, хөтөлбөрүүдийг соёрхон батлах тухай болон бусад хуулийн төслүүдийг өргөн барив.
Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шинэ коронавируст (COVID-19) халдварыг “Цар тахал” гэж зарласан бөгөөд Монгол Улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирээд байгаа билээ. Иймд Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарлаж, Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, вирусийн халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулах шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар төслийн танилцуулгад дурджээ. Эдгээр арга хэмжээтэй уялдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэх тусгай бэлтгэл бүх шатанд хэрэгцээтэй байгаа тул нийслэлийн 3 эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ гараад байгаа аж.
Шинэ коронавируст (COVID-19) халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад нийт 14.0 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий “Монгол Улсад COVID-19-aac урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг энэхүү зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийг батлан хэрэгжүүлэх ажээ.
“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Тус хөтөлбөр нь шинэ коронавируст (COVID-19) халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжих зорилготой. Монгол Улсын Засгийн газрын зүгээс зохих эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг худалдан авахад улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилсэн хэдий ч шинэ коронавируст (COVID-19) халдварын тархалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, нэн ялангуяа “өндөр эрсдэлтэй” бүлэгт хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай байгаа юм байна. Түүнчлэн COVID-19 цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа юм.
Иймд Азийн хөгжлийн банкны 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр дээрх хөтөлбөрийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүдийг яаралтай худалдан авч, нөөцлөн, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх юм.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 1 хувь байна. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү болохыг хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, боловсрол, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкаас 2019-2020 онд Монгол Улсад хуваарилагдсан 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрээр 6 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохироод байгаа юм.
Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж, эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.