Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө хүргүүлэх тухай заасан. Энэ дагуу улс төрийн нам, эвслүүд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өнөөдрөөс хүргүүлж эхэлсэн байна.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам болон Дэлхийн Монголчууд нам Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгчээ.
СЕХ энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс хоёроос илүүгүй төлөөлөл очиж, ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, СЕХ-ны байранд нэвтрэхээс өмнө асуумж бөглөх, ариутгал, халдвар хамгааллын тодорхой дэглэм баримтлах талаар нам, эвслийн ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн байна.