У.Хүрэлсүх: МАН нийгмийн чиг баримжаатай, зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин

МАН-ын удирдлагууд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-МАН сонгуульд оролцохоо СЕХ-д илэрхийллээ. Танай намын мөрийн хөтөлбөрийг ҮАГ-аас буцаасан. Мөрийн хөтөлбөртөө ямар засвар оруулсан бэ?

-МАН сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж СЕХ-д баримт бичгээ гардуулж өглөө. УИХ-ын сонгууль цаг, хугацаандаа явагдах ёстой.  Парламент төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс ард иргэдээ төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшиж байгаа хүмүүстээ МАН-ын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье. Сонгууль маань шударга, сайхан болох байх. 

Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулаад аудитад хянуулсан. Үүнд алдаа оноотой, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж болохооргүй  зүйл аль аль намууд дээр гарсан байх. Энэ бүхнийг засаад эцсийн байдлаар СЕХ-д өгч байгаа. 

Энэ удаагийн сонгууль хүнд нөхцөлд явагдах гэж байна. БНСУ-ын сонгуульд ард иргэд нь идэвхтэй оролцоод сүүлийн 26 жил байгаагүй өндөр ирцтэй сонгуульд оролцсон. Үүнтэй адил манай улсын иргэд ч дөрвөн жилд нэг удаа болдог хариуцлагатай сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт Ерөнхий сайдын хувьд ч, ууган намын даргын хувьд ч итгэж байна. Ард түмэндээ хандаж сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа цаг хугацаанд нь сайхан явуулъя. Энэ удаагийн сонгууль шударга яваасай гэж хүсч байгаа. МАН бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Эрх барьж байгаа намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан хамгийн чухал ажлууд бол өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа бүрэн хийж дуусгах ёстой. Жишээ нь, Нефтийн үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, сургууль соёл, цэцэрлэг гээд олон асуудал тусгалаа олсон. Энэ бүхэн хуулийн хүрээндээ хийгдээд, хянагдаад СЕХ-д хүргүүлж байна.

-Танай намын үзэл баримтлал мөрийн хөтөлбөртөө хэр туссан бэ?

-Манай нам социал демократ нам. Нийгмийн чиг баримжаатай, зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин. Тиймээс МАН-ын мөрийн хөтөлбөр бол социал демократ үзэлд суурилсан нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалтай болсон.
Зарим улс төрийн намууд орон сууц үнэгүй өгнө гэж амлаж байгаа. Энэ бол мөрийн хөтөлбөрт байж болохгүй зүйл.

Нөгөө талаар хэзээ ч биелэгдэх боломжгүй. Үүнийг улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байгаа юм. Манай улсад ямар боломж байгааг гэдгийг надаас илүү мэдэх хүн байхгүй байх. Хэзээ ч биелэгдэхгүй амлалтыг манай улс төрийн хүчнүүд өгч болохгүй. Үүнд ард иргэд итгэж, төөрөгдөж болохгүй. Сонгуулийн хугацаанд ард иргэд маань нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцаарай.

-ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэж та хэлж байсан?

-Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.

Мөн бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна. Парламент гэдэг бол ард түмний хураангуй. Тиймээс шилдэг хүмүүс ороосой. Намын даргын хувьд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно.

-МАН сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгох вэ?

-МАН аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Энэ хууль зөрчиж байгаа юм. Нөгөө талаас мөнгөтэй хүн нэр дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшихгүй гэж байгаатай адил. Тиймээс энэ шударга ёсны зарчимд ч нийцэхгүй, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид ч нийцэхгүй.

Сонгуульд ороход мэдээж мөнгө шаардлагатай. Мөнгөгүй сонгууль гэж юу байх вэ. Тэр мөнгийг хуулийн дагуу сонгуулийн хандив цуглуулах хуулийн хугацаандаа хандиваа цуглуулаад сонгуульд оролцоно. Сонгуулийн хандиваараа сонгуульдаа оролцох бүрэн боломж байгаа. Би мөнгөний сонгуулиас салъя гэж хэлээд байгаа. Олон жил хэл аманд өртлөө. Алдаа дутагдал ч байсан. Үүнийг засаж, залруулъя. Цэвэр, шударга сайхан сонгууль явуулъя. Сонгуулийн хуульд заасны дагуу хандиваа цуглуулаад эргэж тайлагнана. 

http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …