Эрүүгийн цагдаагийн газар саяхан Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба байгуулсан аж. Энэ алба өчигдөр охид эмэгтэйчүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргасан байна. Учир нь сүүлийн үед “Охид эмэгтэйчүүдтэй фэйсбүүк ашиглан танилцаж, “фото модель болгоно, мэргэжлийн хүмүүстэй холбож өгнө” гэх мэтээр хууран мэхэлж зургийг нь авах явдал ихэссэн гэнэ. Түүгээр ч үл барам зарим нэгнийх нь биеийн ил болон далд хэсгүүдэд хүрэх, барих зэргээр өөрийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсан бүлэг хэрэгтнүүдийг тус газрынхан таслан зогсоож эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн байна.
Дээрх бүлэг хэрэгтнүүд охидыг хувцсаа тайлахыг шаардаж, нүцгэн зургийг нь авч өөрийн компьютерт их хэмжээний файл үүсгэн ашиглаж байжээ. Үүгээрээ охидын зургийг үзүүлэн бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй гэнэ. Ийм төрлийн хэрэг хуулийнхны хараанаас ангид далд аргаар цөөн бус удаа үйлдэгдсэн байж болзошгүй хэмээн Эрүүгийн цагдаагийн газрынхан сэрэмжлүүлэг гаргаж, дээрх байдлаар өөрийн зургийг ашиглуулсан, хэн нэгэн этгээд ийм байдлаар танд сэтгэл санаа, бие махбодийн дарамт учруулж байсан болон учруулж байгаа бол яаралтай Эрүүгийн Цагдаагийн газрын 51-262425, 51-262066 дугаарын утсанд мэдэгдэх буюу биеэр ирж уулзахыг анхааруулж буй юм.
Б.Эрдэнэ
Эх сурвалж: Мэдээ.мн