Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгай гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлжээ. Тодруулбал 2020 оны дөрөвдүгээр сарын 27 ны өдөр дөрвөн хүүхэд БГД-ын 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, ТҮЦ-нд хулгайгаар нэвтэрж хүнсний бараа, нэгж, бэлэн мөнгө зэргийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
Шалгалтын явцад тэд бүлэглэн бусдын хяналт сул орхисон тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан хулгайлдаг нь тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслээ ашиглан орой үдшийн цагаар хулгай хийдэг байжээ.
Түүнчлэн энэ эхний улирлын байдлаар нийт 13-н удаагийн үйлдлээр 13-н тээврийн хэрэгсэл хулгайлсан тогтоогдсон бөгөөд Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдээс тээврийн хэрэгсэл хулгайлж байснаа мэдүүлсэн байна.
Дээрх хүүхдүүд барилгын материалын дэлгүүрээс барилгын будаг шингэлэгч бодисыг худалдан авч бээлийнд шингээж үнэртэж мансуурдаг хэмээн мэдүүлжээ.
Тиймээс худалдаа эрхлэгчдэд насанд хүрээгүй хүүхдэд газ зарахгүй байхыг мөн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хаана хэнтэй юу хийж байгаад хяналт тавьж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Газрын Нэгдүгээр хэлтэсээс анхааруулж байна.