Засгийн газрын өчигдрийн /2020.04.29/ ээлжит хуралдаанаар Намсрайн Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж, Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжлээ.
Энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.
Н.Эрдэнэтуяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ийг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй.
Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй.
1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж, 2018 оны наймдугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж.
Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч юм.