УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс COVID 19-ын цар тахлын үед урьдчилан сэргийлэх болон санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хуулийн тѳслүүдэд тусгуулахаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаа танилцуулж өнөөдөр /2020.04.30/Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан “УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар COVID 19 цар тахалтай тэмцэх эдийн засаг нийгмийн цогц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, холбогдох хууль тогтоомжуудыг батлан гаргалаа. ШИНЭ нам, ШИНЭ эвслээс иргэдээс ирсэн саналуудыг хуулийн төсөлд оруулахаар идэвхтэй ажиллалаа.
-Нэгдүгээрт, гадаад улсад байгаа Монгол иргэдийн эрхийн асуудалтай холбоотой санал, гадаад улсад түр зорчсон Монгол иргэн, санхүүгийн хүндрэлд орсон бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
-Хоёрдугаарт, Жилийн 1,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай ААН, 250 хүнийг ажлын байраар хангаж байгаа ААН-үүдэд онцгой нөхцөлийн урт хугацаатай зээл олгох,
-Гуравдугаарт, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэг сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас эзэмшигч иргэдийн үнэт цаасыг 2020 оны хоёрдугаар улиралд багтаан мөнгөжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг оруулсан.
Мөн Малчдын амьжиргааг дэмжиж кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах хөтөлбөр боловсруулж, ноолуурын үнийг газрын бүсчлэл үл харгалзан адил тогтоох нь зүйтэй гэсэн саналыг ШИНЭ намаас оруулсан.
Эрх баригч нам ШИНЭ намаас оруулсан таван саналын хоёрыг хэсэгчлэн хүлээн авч, гурван чухал саналыг хүлээж авалгүй, орхигдуулсан байна. Тиймээс удалгүй гурван хуулийн төсөл ойрын хугацаанд өргөн барихаа дуулгаж байна. ААН, иргэдийг онцгой нөхцөлийн зээлээр дэмжих зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. Тиймээс жилийн 1,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай ААН-үүдэд онцгой нөхцөлийн зээл олгох хуулийн төслийг өргөх барих юм. Үүнийг дэмжиж байгаа ААН, иргэдийг бидэнтэй хамтран саналаа тусгахыг уриалж байна.
Тэтгэврийн зээлийн хүүг тэглэсэнтэй холбогдуулж зээлгүй байсан ахмадуудад үнэт цаас олгосныг Та бүхэн мэдэж байгаа. Эдийн засгийн хямралтай энэ үед ахмадуудын нэг сая төгрөгтэй тэнцэх үнэт цаасыг яаралтай мөнгөжүүлэх шаардлагатай. Тиймээс яаралтай мөнгөжүүлэх хуулийн төслийг өргөх барина.
Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор эрх баригч нам ямаанд 5000 төгрөг өгөх хуулийн тогтоолын төслийг өчигдөр баталсан. Энэ нь нүглийн нүдийг гурилаар хуурсан, өнгөлөн далдлалт, хуурамч, сонгууль руу чиглэсэн ажиллагаа байсан гэж харж байна.
Тиймээс ШИНЭ нам, ШИНЭ эвслээс өргөн барих дээрх хуулийн төслүүдэд иргэд, ААН, бизнес эрхлэгчид, малчид, ахмадуудыг хамтарч ажиллахыг уриалж байна.” гэлээ.