СЕХ-ноос МАН-д ээлжит сонгуульд оролцох батламжийг нь гардууллаа. Уг батламжийг УИХ-ын гишүүн Н.Учрал гардаж авсан юм. Түүний хамт УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Б.Баярбаатар нар байлцав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Учрал “Шинийн наймны билэгт сайн өдөр улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардаж авлаа. Өнгөрсөн хугацаанд улс эх орныхоо хамгийн хүнд хэцүү үед МАН ачааны хүндийг үүрч ирсэн. Энэ үүргээ нэр төртэй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа.
2016 онд хасах руу орсон, дампуурлын ирмэгт тулсан эдийн засгийг манай нам хүлээж авсан. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай байна, валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлснээс гадна нийт 8.1 их наяд төгрөгийн өрийн төлж барагдууллаа.
Шударга ёс, хариуцлагын хувьсгалыг анх удаа эхлүүлж, төрийн мэдэлд байсан томоохон компаниудыг улс төрийн бүлэглэлийн гарт авсан байсныг буцааж төрийн мэдэлд авлаа. Тухайлбал, “Эрдэнэт”, “Монголросцветмет”, “Тавантолгой”, “Багануур“ зэрэг компанийг төрдөө буцааж авах хариуцлагатай шийдвэрийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газар хийж хэрэгжүүлсэн.
Өнөөдөр ч дэлхий нийтэд коронавирусийн цар тахал нүүрлэсэн хүнд хүчир цаг үед Засгийн газрын зоримог, хурдан шуурхай шийдвэрийн үр дүнд НҮБ-д бүртгэлтэй улс орнуудаас халдварыг дотооддоо алдаагүй цорын ганц оронд тооцогдож байна.
Энэ бол Засгийн газар шуурхай ажилласны төдийгүй ард иргэд сайтар сахин биелүүлсний үр дүн юм. МАН үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгч хянуулсан. Мөрийн хөтөлбөрт Засгийг газраас хийж хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлэх, эрчим хүч төдийгүй хүнс, түлш зэргийг дотоодоосоо хангахаас гадна шударга ёсны хувьсгалтай холбоотой ажлуудаа хэрхэн үргэлжлүүлэхтэй холбоотой тодорхой зорилтуудыг тусгасан.
Мөн МАН нийгмийн ардчилсан үзэлтэй намын хувьд хүн төвтэй хөгжлийн бодлого, тэгш боломжийг иргэддээ олгосон дундаж давхаргыг бий болгосон бодлогуудыг зорилтоо болгосон.
Тэр дундаа дэлхийн улс орнуудад хийж хэрэгжүүлж үр дүнд хүрсэн сонгодог загвар болох эрүүл мэнд болон нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалыг үндэсний баялгийн сантай уяж, хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгож, НДШ-ээ төлж буй иргэн бүрт урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болгох боломжийг эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Бидний энэ бодлогыг Үндэсний аудитын газар хянаж үзээд хүлээн зөвшөөрснийг тодотгоё. МАН улс төрийн ууган хүчний хувьд 2020 оны ээлжит сонгуульд хариуцлагатай оролцохоо илэрхийлье” гэлээ.