Б гепатитын халдварыг бууруулах 2017 он хүртэлх Бүсийн зорилтод манай улс хэдийн хүрчээ

ЭМЯ-наас Сайд тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод болсон ДЭМБ-ын Номхон далайн Баруун Бүсийн Хорооны 64 дүгээр чуулганд 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд оролцоод ирлээ. Бид ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэртэй уулзаж явсан ажлынх нь талаар тодруулсан юм. 

– Та ДЭМБ-ын Бүсийн чуулганд оролцоод ирлээ. Тус чуулганаар ямар асуудлуудыг хөндөн хэлэлцсэн бэ? 

– Номхон далайн Баруун Бүсийн Хорооны Чуулган 5 өдрийн туршид нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн хуралдсан. Хурлын эхний өдрүүдэд гишүүн улс орнууд тус хорооны 2012-2013 оны ажлын гүйцэтгэл 2013, 2014 оны төлөвлөлтийн талаар, дараа дараагийн өдрүүдэд 2020 он хүртэл баримтлах бодлогын талаар хэлэлцсэн юм. Тухайлбал, Эрүүл насжилтын асуудал, зайлсхийж болох сохролоос сэргийлэх, Б гепатитын халдварыг бууруулах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг хийсэн.

 – Эдгээр асуудлууд бүсийн хэмжээнд анхаарал татаж байгаа байх нь ээ? Манай улс ямар байр суурийг илэрхийлсэн бэ? 

– Тийм ээ. Эрүүл насжилтын хувьд манай улсын төлөөлөгчид бүсийн бодлогын шинэ баримт бичгийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж, саналаа оруулсан. 2012 оны байдлаар манай улсын нийт хүн амын 7.7 хувийг 55-аас дээш насны ахмадууд эзэлдэг. Тэдний 70.9 хувь нь зүрх судас, амьсгалын замын болон бусад архаг өвчин эмгэгтэй амьдарч байна. Настнуудын бие даах чадварын алдагдал орон нутагт хот суурин газартай харьцуулбал гурав дахин өндөр байна гэсэн судалгаа байдаг. Иймээс бид эрүүл насжилтыг дэмжихийн тулд настанд ээлтэй орчин, хот, сум, тосгон бий болгох зэргээр нийгмийн нөхцөл байдлыг бүхэлд нь сайжруулах шаардлагатай байна.  Манай улс ДЭМБ-тай хамтран ахмад настны эрүүл мэндийн байдлын талаар судалгаа хийж, судалгааны дүнд суурилсан урт хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах санал дэвшүүлж, ДЭМБ-аас энэхүү ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.  Энэ удаагийн чуулганаар нүдний эрүүл мэнд, сохролын асуудлыг Бүсийн хорооноос анх удаа тусгайлан авч хэлэлцсэн. Манай улсын хувьд энэ онд ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн туслалцаатайгаар зайлсхийж болох сохролын талаар үнэлгээ хийснээ танилцууллаа. Тус үнэлгээний урьдчилсан дүнгээс харахад Монгол улсын нийт хүн амын 1.7 хувь сохор, 11.6 хувь хараа муу байгаа, нийт сохрол болон харааны гажгийн дийлэнх нь буюу бараг 90 хувь нь зайлсхийж болох байсныг тогтоосон байна.  Иймээс зайлсхийж болох сохролоос сэргийлэх үндэсний 3 дахь хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд нүдний анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд анхаарах нь чухал болоод байна.  Үүний дараа дархлаажуулалтаар дамжуулан Б гепатитын халдварыг бууруулах бүсийн зорилтыг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн. Бүсийн хувьд 5 хүртэлх насны хүүхдийн дунд Б гепатитын халдварыг 2017 он гэхэд 1 хувиас бууруулах шинэ зорилт дэвшүүлэхээр боллоо. Харин Монгол улсын хувьд дээрх зорилтыг аль хэдийн хангасан бөгөөд үүнийг Бүсийн хорооноос баталгаажуулсан.

– Эндээс харахад бага насны хүүхдийг дархлаажуулах ажил сайн явагдаж байгаа гэж ойлгож болох нь ээ? Насанд хүрэгчдийн хувьд ямар байдаг бол? 

– Тийм ээ. Гэхдээ манай улсын хувьд халдвар авсан насанд хүрэгчдийн хувь өндөр байдаг тул зорилтот бүлгийнхнийг нөхөн дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байгаа. Тухайлбал, 2013 оны 10 дугаар сараас анагаахын болон сувилахуйн сургуулийн оюутнуудыг эхний ээлжинд нөхөн дархлаажуулалтад хамруулж, цаашид бүх их дээд сургуулийн оюутнуудыг дархлаажуулах ажлыг төлөвлөж байна. Энэ тухайгаа ч чуулганы үеэр танилцуулсан.

– Чуулганы сүүлийн өдөр улс бүрийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн тайланг хэлэлцсэн гэж байсан. Манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байна уу?

– Манай улсын хувьд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, Мянганы хөгжлийн зорилт 4 болон 5, ХДХВ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, хянах, иргэний бүртгэл-эрүүл мэндийн статистик, сүрьеэгийн хяналт зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн.  2012 оны байдлаар Монгол улсад эрүүл мэндийн нийт зардлын 41 хувийг хувь хүн өөрөө төлж байгаа нь ард иргэдийг эдийн засгийн хувьд эрсдэлд оруулж, тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгоход саад учруулж байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Др.Чан, “Зах зээл нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэт арилжаалах нь хамралтыг бууруулж, үнийн өсөлтийг хяналтгүй болгоно” гэдгийг онцолж, дэлхийн тэргүүлэх эрдэмтэд эрүүл мэндийн зах зээлд төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үздэг.  Бүсийн хорооноос өнгөрсөн жил хэд хэдэн улсад эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээнд Монгол улс хамрагдсан. Үнэлгээний дүнгээс харахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгоход үндэсний түвшинд удирдлага – манлайлал туйлын ач холбогдолтой байна.

Харин сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийн тухайд Монгол улсад оношилгооны чадавх сайжрахын хэрээр 2006 оноос хойш сүрьеэгийн өвчлөл жилд 4.3 хувиар буурч ирсэн. Мөн сүрьеэгийн өвчлөлийг бууруулах Мянганы хөгжлийн бүсийн болон дэлхийн зорилтыг хангах магадлалтай зэрэг эерэг үзүүлэлтүүд гарч байгаа. Гэвч Номхон далайн Баруун Бүсийн хэмжээнд өндөр тархалттай улсын тоонд багтсан хэвээр байгаа юм. Манай улсын эдийн засгийн өсөлтийн улмаас Глобаль сангаас манайд олгох санхүүжилт зогсож байгаа нь өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаас ухрах эрсдэлд хүргэж болзошгүй. Тийм учраас Засгийн газраас шилжилтийн төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгаа. Харин энэ хугацаанд ядуу, эмзэг бүлгийн хүн амд сүрьеэгийн тусламж, үйлчилгээг хүргэхэд олон улсын түншүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг чуулганы үеэр онцлон хэлсэн. Тус чуулганыг зохион байгуулснаар улс орнууд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын төлөвлөгөөгөө бүсийн хэмжээнд хэлэлцэж, харилцан туршлага солилцсон, өндөр ач холбогдолтой боллоо.

Явсан ажлынхаа талаар ярилцаж, мэдээлэл өгсөн Танд баярлалаа.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …