Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгаанаас үзэхэд 2017 онд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 77.1, 2018 онд 76.6 хувь нь 15-40 хүртэлх насны залуучууд байна. Түүнчлэн 2018 онд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 45.7 хувь нь бүрэн дунд боловсролтой, 17.5 хувь нь дээд боловсролтой иргэд байгаа юм.
Эндээс залуучууд их, дээд, тусгай дунд сургууль төгсөж оюуны өндөр боловсрол эээмшиж байгаа боловч зан харилцаа, мөс чанар, ёс жудаг, хүмүүжил, хүндлэл, тэвчээр зэрэг хүний зан үйлийн сайн чанаруудыг эзэмшихэд чиглэсэн сургалт, боловсрол олгох үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал их байна гэсэн дүгнэлт гарч байгаа юм.
Иймд энэ байдлыг арилгах, иргэдийн хүнлэг чанар, дотоод сэтгэлийн боловсрол, төлөвшлийг сайжруулах зорилгын үүднээс Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хувь хүний суурь зан чанарууд болох хүнлэг, хүндэтгэлтэй, шударга, хариуцлагатай байх байдал алдагдахаар мөс чанаргүй хүмүүс олширч, хүчирхийлэл ихэсдэг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд төрөөс иргэдийн хүмүүнлэг боловсролыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг системтэй, тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Монголчуудын оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудал үндсэндээ орхигдсон учраас энэ асуудлыг төрийн бодлого болгон бүх шатны сургалтын хөтөлбөрт хуульчлан тусгах шаардлагатай байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд юуны түрүүн хүн байхын ухаан суулгах, цаашлаад бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүнлэг чанар, сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэхэд чиглэсэн хичээлийг оруулах хэрэгтэй нь эрдэмтэн мэргэдийн судалгаа, шинжилгээгээр нотлогдсон байна.
Эрдэмтэд хүн болох үе шатыг 1-3 насыг би өөрөө үе, 4-6 насыг даган дуурайх үе, 7-11 насыг өөрийгөө эрж хайх үе, 11-16 насыг өөрийгөө бий болгох үе, 16-18 насыг өөрийгөө илэрхийлэх үе, 18-25 насыг иргэн болох эхний үе гэж тодорхойлсон байдаг.
Хүүхдийг эх орон, ээж аав, элгэн саднаа хайрлах, дээдлэх учир утгыг ёсчлон сахиулж сургах, хүний жудагтай, хайр энэрэлтэй, найз нөхрөө эрхэмлэдэг, тэсвэр тэвчээртэй, аливаа атаа жөтөө, хийрхлээс ангид, ямагт өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, алдахгүй байхыг хичээдэг зан төлөвт сургах, хувь хүний унаган төрөлх шинж, зан төлөвийг бага наснаас нь тандан илрүүлж, хойшид баттай суулгах нөхцөлийг бий болгоход энэхүү хуулийн төсөл чиглэгдэх юм.
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль нь хувь хүн хүүхэд наснаас ахмад буурай болтол зан төлөв, ёс зүй, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, төрийн захиргааны бүх шатны байгууллага, нийгмийн үүсгэл санаачилгын нийт байгууллагын хүлээх үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 99 зүйлтэй. Төсөлд:
- Хүмүүнлэг боловсролын зорилго, хүмүүнлэг боловсролыг дэмжих үндсэн зарчмууд;
- Хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагаа, хүмүүнлэг боловсролын үндсэн чиглэл, агуулга, хүмүүнлэг боловсрол олгох хөтөлбөр, хүмүүжлийн чиг үүрэг бүхий нийгмийн институцийг хөгжүүлэх, хүүхдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, гэр бүлийн хүмүүжлийг дэмжих, эцэг эхийн нийгмийн харилцааны сурган хүмүүжүүлэх мэдлэгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохицуулах;
- Хүмүүнлэг боловсрол олгох чиглэлээр төрийн захиргааны болон сургалтын байгууллагын эрх үүрэг, Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл эрх үүрэг, байгууллага, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, хүмүүнлэг боловсрол олгох, сургалтын дэмжлэг зэрэг асуудлуудыг зохицуулахаар боловсруулсан байна.