Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр өөрийн санаачлан боловсруулсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Их Хурлаас 1997 онд Газрын төлбөрийн тухай хуулийг баталсан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газраас 1997 онд “Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”, 2015 онд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоол баталж, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоожээ.
Мөн 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоол гаргасны дагуу 2018, 2019 онуудад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоож байгаа юм.
Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах тусгай хэрэгцээний газартай байна” гэж, “Газрын төлбөрийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлд “…Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж тус тус заасны дагуу батлан хамгаалах зориулалт бүхий тусгай хэрэгцээний газрын төлбөрийг жил бүр батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган санхүүжүүлж ирсэн.
Гэвч аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас 2018, 2019 онуудад газрын суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг нэмсэнтэй холбогдуулан төсвөөс олгосон санхүүжилтээс 2 дахин их төлбөрийг газрын албанд төлөх нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг шинэчилсэнтэй холбоотойгоор Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Увс аймгийн ИТХ-ын тогтоолоор газрын төлбөрийн хувь хэмжээг нэмсэнтэй холбоотойгоор 2018, 2019, 2020 онд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалын харьяа анги салбаруудын тусгай хэрэгцээний газрын төлбөрт төсөвлөсөн мөнгөнөөс гадна 1.3 тэрбум төгрөгийн өр үүссэн байна.
Батлан хамгаалах яамнаас 2019 онд Төсвийн тухай хуулийн дагуу 2020 оны батлан хамгаалахын төсвийн багцад газрын төлбөрт 1.6 тэрбум төгрөгийг төсөвлөн Сангийн яаманд хүргүүлсэн боловч Батлан хамгаалахын сайдын багц дахь газрын төлбөрийн санхүүжилтийг 2020 онд 339.5 сая төгрөгөөр тогтоожээ. Иймд улсын төсвөөс санхүүждэг цэргийн анги, байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг хангах хүрээнд улсыг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газрыг газрын төлбөрөөс нэг мөр чөлөөлөх, ингэхдээ Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, хуулийн төслийг боловсруулжээ.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
УИХ-аас 2016 онд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус баталсан. Дээрх хуулиуд батлагдаад удаагүй байхад 2017 онд Монгол Улсын төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээний хүрээнд ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдах нөхцөл, шаардлагын дагуу Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Хуульд өөрчлөлт оруулахдаа 2 хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулж, 3 зохицуулалтыг хүчингүй болгосон байна. Тодруулбал,
-цэргийн анги, байгууллага офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууц, гэр, байшин хөлслөх тухайн орон нутгийн түрээсийн төлбөрийг 12 ам дөрвөлжин метрээр тооцож цэргийн анги, байгууллага олгох;
-улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн, таван жил тутамд олгох;
-цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгох гэсэн 3 заалтыг хүчингүй болгосон.
Мөн 7 дугаар зүйлийн 7.1.10-т Гадаадын цэргийн сургуульд суралцагч офицер, ахлагчийн суралцах хугацааны цалин хөлсийг төр хариуцахаар тусгасныг “сургалтын тэтгэлэг” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан “Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, сурагчийн цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл олгох журмыг батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэснийг “Гадаадын цэргийн сургууль, академи, дамжаанд суралцагчийг сонгон шалгаруулах, сургалтын тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгох журмыг Засгийн газар батална” гэж тус тус өөрчилсөн юм.
Энэхүү эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, хүчингүй болгох асуудлаар УИХ-ын АБГББХ дээр өмнө нь хэлэлцэж, улс орны эдийн засгийн байдал сайжран, ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр дуусахад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүчингүй болгосон заалтуудыг эргүүлэн тусгах, өөрчлөлт оруулсан заалтыг хуучин хүчин төгөлдөр үйлчилж байсан хэвээр хуульчлан баталгаажуулах, цэргийн алба хаагчдын эрх зүйн баталгааг хангах төрийн үүргийг ханган ажиллах нь зүйтэй гэж үзжээ.
Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь батлан хамгаалах болон зэвсэгт хүчний зарчим, цэргийн алба хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг дээшлүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг сайжруулах зорилтын хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиас дордуулахгүй байх чиглэлтэй нийцэх тул Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын баталгаа сайжирч, улс орныг батлан хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм.