Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй.

Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,  2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.

Харин нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой.

1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажилллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Энхбаяр нар Ерөнхийлөгчийн зөвлөх болон Гадаад харилцааны сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлээд томилогдсон улсдаа сурч, ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг хүргэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд санаачлагатай, идэвхтэй бүтээлчээр ажиллахыг захилаа.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөхийг дэмжив.

Мөн Д.Ганхуяг, Б.Ганболд нарыг Элчин сайдаас эгүүлэн татах саналыг дэмжлээ.


http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html http://credit-n.ru/oformit-kredit-online.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …