Хэдхэн хоногийн өмнө төрүүлсэн үрээ бохирын хоолой руу хийдэг өмхий хятад… очиж очиж муу усных хоолой хийгээд байхдаа яахав дээ хятадууд болсон ингэж л таарна… төрүүлсэн үрээ нойлд хийгээд усыг нь татдаг хятад “аймаар” ээж”… гэх мэтчилэн дөнгөж төрсөн нялх үрээ бохирын хоолой руу хийсэн хятад эмэгтэйг үзэн ядаж байлаа. Харин тэгтэл хоёрхон хоногийн дараа дөнгөж төрөөд хоёр л хонож байсан нялх үрээ монгол эмэгтэй гурван давхраас хогийн пункер рүү шидлээ. Ялгаа юу байна аа. Харин ч гурван давхраас тээж төрүүлсэн үрээ хогийн пункер рүү шидсэн монгол эмэгтэй аймаар биш гэж үү. Бохирын цооногт байсан нярайн ээж нь төрөх гэж байгаагаа мэдэлгүй 00 унагачихсан гэж мэдүүлсэн байсан. Үнэхээр ч тийм болсоныг үгүйсгэх аргагүй. Харин манай монгол ээж, төрүүлчихээд дараа нь түүнийг бараг алах зорилготойгоор хогийн пункер рүү шидсэнийг юу гэж ойлгох вэ?
Дээх нь үед үнэхээр өсгөж чадахгүй нялх үрээ аль болох олон хөлийн газар аваачиж, хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн хүн хийж аваарай хэмээн орхиод явдаг байсан. Харин өнөөдөр зүгээр л хаа сайгүй байдаг чихрийн цаас шиг хогийн саванд шидчихээд явчихдаг болж. ЭХЭМҮТ-д хогийн саванд хаягдсан нярай тус төвд хүргэгдэн ирсэн олдмол хүүхдийн тав дахь тохиолдол аж. Хүү анх анх ирэхдээ төрөөд гурав хоносон бололтой, хүй нь унаагүй, шарлалт нь арилаагүй байсан гэдэг. Харин одоо нярайн биеийн байдал ирснээ бодвол дордоогүй, нэг их олон эмчилгээ шаардлагагүй учир эхийн хайр халамж л түүнд үгүйлэгдэж байна. Түүнийг Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 27 дугаар байрны хогийн бункерээс шил, лааз цуглуулдаг хүн хүүхэд уйлах чимээнээр өлгийтэй хүүхэд хэмээн мэдсэн гэдэг. Ийнхүү сайн санаат хүмүүсийн ачаар хүүхдийн өөрийнх нь заяа түшиж, амь аврагдлаа. Амьдрах хувь заяа түүнд байж.
Харин түүний энэ хувь заяаг тасалдуулах гэсэн харалган ээж хэн байв. Одоогийн байдлаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хүүхдийн эцэг, эхийг эрэн сурвалжлах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж. Энэ хугацаанд хүүхдээ төрүүлээд хогийн саванд хийсэн эмэгтэйн сургийг гаргасан байна. Тэрбээр Төв аймгийн харъяат нэгэн бөгөөд гурав дахиа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрсөн аж. Хүүхдээ хаясан, тэр дундаа гурван давхраас шидсэн хүнийг эх хүн гэх үү. Тиймдээ ч цагдаагийнхан эрэн хайж байгааг олж сонсоод, хүүхдээ орхисон ээжид золгүй явдал учрах вий гэдгээс болгоомжилж, элдэв мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байна. Хэрвээ энэ эх олдсон ч өөртөө авахаас татгалзвал ирэх нэг дэх өдрөөс Хүүхдийн сувилалд шилжүүлэх ажээ.
Гэхдээ ээжийг нь зүгээр өнгөрөөхгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Түүнд одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 117.1-т зааснаар төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх хуулийн заалт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй юм байна. Хэрвээ мөрдөн байцаалтын явцад хүүхдээ хөнөөхийг завдсан нь тогтоогдвол бусдыг санаатайгаар алахыг завдсан гэсэн зүйл заалт нэмэгдэх бололтой.
Эх сурвалж: чухал.мн Х.Сүх