2016-2020 оны парламентын сүүлийн хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт завсарласантай холбогдуулан Ардчилсан намаас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ, Засгийн газарт өгсөн дүгнэлтээ өнөөдөр /2020.05.18/ танилцууллаа.
Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн дөрвөн жилийн үйл явцад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. АН-ын бүлэг маш санаачилгатай ажилласан. Нэмэлт өөрчлөлтөөр далимдуулан ардчилал, ардчилсан парламентыг үгүй болгох вий гэсэн болгоомжлол байсан тул санаа тавьж ажилласан.
Баялгийн тэгш хуваарилалттай холбоотой дэвшүүлсэн санал, ЗГ-ын давхар дээлтэй холбоотой асуудлуудыг хүлээн авсан. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг хүлээн аваагүй. МАН бодитой бүтээн байгуулалт хийгээгүй, хариуцлага ёс зүй алдсан, бодлогогүй ажилласан дөрвөн жил байлаа. Эрх баригчдын эрх ашгийн төлөөх тулааны дунд ард иргэд үрэгдсэн дөрвөн жил байлаа. УИХ-ын даргаа түлхэж унагасан, хагарч бутарсан дөрвөн жил байлаа. Ирэх дөрвөн жил маш хариуцлагатай байх шаардлага үүсэж байна” гэж мэдэгдлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж олон тулгуурт эдийн засгийг бий болгож, дунджаас дээш орлоготой иргэдийн тоог нэмнэ гэж тусгасан. Гэхдээ өнөөдрийн байдлаар эдгээр амлалт биелсэнгүй. Энэ хугацаанд нийт үйлдвэрлэгчид олон санал тавьсан, ялангуяа хямралын үед дэмжлэг үзүүлэх хүсэлт удаа дараа тавьсан. Хуулийн төсөл өргөн барьсан ч түүнийг нь хүлээн аваагүй.
Эдийн засаг зургаагаас найман хувиар өссөн гэсэн ч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, хүртээмж гэр бүлүүдэд хүрч чадахгүй байгааг статистик баримтууд харуулж байна. Гэр бүлийн орлого нэмэгдсэн ч задлаад үзвэл халамжаар нэмэгдсэн байна. Монгол улс санхүүгийн хүнд байдалд ороод байна.” гэсэн юм.