УИХ-ын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод өнөөдөр хуралдана. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдах бөгөөд Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг тус тус хэлэлцэх юм.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд эхэлж, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/-ийг хэлэлцэх юм байна.
эх сурвалж: ньюс.мн