Мөрдөх албаны тухай хуулийн төслийг өргөн барилаа

Мөрдөх албаны тухай хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барив.
Сүүлийн жилүүдэд хүний наймаа, мөнгө угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг ихээр үйлдэгдэж, гэмт хэргийг үйлдэх арга улам нарийсч, үндэстэн дамнасан шинжтэй болж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрч байгаа боловч зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх боломж хүний нөөц, санхүү, эдийн засаг, техник хэрэгсэл, бүтэц, зохион байгуулалтын хувьд хангалтгүй байсаар байгаа аж.
Иймд цаашид шинэ түвшинд шинэ арга барил, бодлогоор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа тул зохион байгуулалттай, үндэстэн дамнасан шинжтэй гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй, бие даасан байгууллагыг байгуулах шаардлагатайг харгалзан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг Мөрдөх алба болгон нэгтгэн зохион байгуулж, тус албаны дэргэд Шүүхийн шинжилгээний бүтцийг бий болгох”-оор дэвшүүлсэн зорилтыг үндэслэн Мөрдөх албаны тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Энэхүү хуулийн төсөл нь 6 бүлэг, 40 зүйлтэй бөгөөд хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдлын эсрэг болон зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий Мөрдөх албаны үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн үндсийг тогтоож, тус албанаас бусад байгууллага, албан тушаалтантай харилцах, хамтран ажиллах харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.Мөрдөх албаны тухай хуулийн төслийг урьд нь өргөн бариад байсныг эргүүлэн татаж, ажлын хэсгийн хуралдаан болон бусад хэлэлцүүлгийн явцад гарсан санал дүгнэлт, холбогдох байгууллагуудын саналыг тусган дахин боловсруулжээ. Энэ явцад тагнуул, авлигатай тэмцэх болон прокурор, цагдаа, шүүхийн байгууллагаас ирүүлсэн саналуудыг тусгаж, төсөлд олон шинэ нэр томьёо, үг хэллэг орж байгаатай холбоотой ойлголтын зөрүүтэй зарим саналд тайлбар хариу өгч ажилласан гэдгээ Хууль зүйн сайд хуулийн төслийг өргөн барих үедээ УИХ-ын даргад мэдээлэв. Түүнчлэн энэ хууль батлагдаж хэрэгжсэнээр манай улс, ялангуяа үндэстэн дамнасан гэмт хэргийг мөрдөх ажиллагааг явуулахад олон улсын түвшинд хамтран ажиллах жишигт хүрч чадна. Арга барилын хувьд ч иргэний эрхийг зөрчсөн тагнах, чагнах, цагдах, хорих аргуудаас татгалзах хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг сайд тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …