“Глоб Интернэйшнл” ТББ-аас Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, зөвлөмж боловсруулах зорилго бүхий хэвлэл мэдээллийн үндэсний бага хурлыг энэ сарын 29, 30-нд “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж эхэлсэн билээ.
Энэхүү үнэлгээний тайланг хэлэлцэх уг бага хуралд хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн сургууль, хуульч, Засгийн газрын агентлаг, иргэний нийгмийн төлөөллөөс гадна олон улсын шинжээч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцоно.
Хурлын үеэр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хангаж буй зохицуулалтын тогтолцоо, өргөн нэвтрүүлэг, өмчлөл, төвлөрөлтэй холбоотой эрх зүйн орчны тогтолцоо, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн эвлэл холбоод, Сэтгүүл зүйн боловсрол, сургалт, иргэний нийгмийн оролцоо, Интернэт, олон нийтийн өргөн нэвтрүүлэг гэсэн таван салбарт хуваагдан хуралдаж эхэлсэн билээ. Хурлын үр дүнгийн зөвлөмж өнөөдрийн хурлаар эцэслэн гарна.
Бага хурлын үр дүнд гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх ба АНУ, Канадын ЭСЯ, “Транспэрэнси Интернэйшнл-Монгол”, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал зохион байгуулах юм.
О.Рана