Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар УУХҮЯ-ны харьяанд Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны 01 дүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа.
Үндэсний геологийн алба нь 6 хэлтэстэй 68 хүний орон тоотой байна. Түүний бүтцэд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэс болон Эрдэс баялаг Геологийн судалгааны төв нь нэгж хэлбэрээр Геологийн судалгааны төв ТӨҮГ болон Геологийн төв лаборатори ТӨҮГ нь харьяа байгуулагууд болж нэгтгэгдэх юм. Ингэснээр гадаад нэгж болох Геологийн судалгааны төв нь /УТҮГ-ын хэлбэрээр/ Геологийн төв лабораторийг /ААТҮГ хэлбэрээр/геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах үйлччлэх, үйл ажиллагаг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах байдлаар ажилллах аж.
Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын хэвлийн геологийн тогтоц, бүтцийг судалж, ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлснээр уул уурхайн салбарын тогтвортой үйлдвэрлэлтийг түүхий эдээр хангах, хот суурин, бүс нутгийн хэмжээнд геоэкологи, гидрогеологийн судалгааг гүйцэтгэх, газар хөдлөл, газрын гулсалттай холбоотой нутаг дэвсгэрт нэгдсэн тайлал хийж, дүн шинжилгээ өгөх нь тус Үндэсний геологийн албаны зорилго байх юм. Улсын хэмжээний эрдэс баялагийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, нууцын зэрэглэлээс бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх нь тус албаны зорилт байх юм.
Түүнчлэн нэг талбайд ашигт малтмалын нэр төрлөөр нь ижил төстэй геологийн судалгаанууд хийгдэж, давхар үргүй зардал гаргаж байгааг зогсооно.
Салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг тогтвортой ажлын байраар хангаснаар ажлын чанар сайжирч, томоохон ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр шинээр нээх, дагалдах хот суурингуудыг байгуулах боломжтой болно. Геологийн салбар нь ашигт малтмалын нөөц тогтоохоос гадна маш олон төрлийн судалгаа хийдэг. Судалгааны дүнг бүхий л салбарт ашигладаг онцлогтой. Иймд бие даасан агентлаг байгуулснаар тус байгууллагын гүйцэтгэх үүрэг улам өргөжих юм.