УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд У. Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал өгөх байранд очиж саналаа өглөө.
Тус хэсгийн хороонд БЗД-ийн 1300 гаруй иргэн саналаа өгөх бүртгэлтэй бөгөөд 11:30 цагийн байдлаар сонгогчдын ирц 20 хувьд хүрсэн байв. Энэ нь өмнөх сонгуулиудын ирцтэй харьцуулахад өндөр үзүүлэлт төдийгүй иргэд сонгогчдын идэвх маш сайн байгааг харуулж байна гэж хэсгийн хорооны дарга онцолж байв.
УИХ-ын 2020 оны сонгуулийн БЗД-ийн 23 дугаар тойрог нь нийт 53 хэсгийн хороотой бөгөөд 381 иргэний саналыг зөөврөөр авсан бол нийт 112,083 иргэн санал өгөхөөс 12:00 цагийн байдлаар 24,564 нь саналаа өгч 21 хувийн ирцтэй байгаа аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулиа өгсний дараа сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ ” Өнөөдөр бол нэг ёсны баярын өдөр. Сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Цар тахлын нөхцөл байдал таагүй байгаа ч бид сонгуулиа амжилттай зохион байгуулж байна. Ард иргэд идэвхтэй оролцож байна гэж сая надад хэллээ. Шинэ мянганы хүүхдүүд саналаа өгч байна. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоно гэдэг чинь төр улсаа байгуулж байна гэсэн үг. Манай залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Нэр дэвшигчид, бие даагчдадаа амжилт хүсье. Сонгууль шударга явагдах ёстой, үймээн самуун хийх, жагсах тэмцэх, бодол байхгүй гэдэгт итгэж байна. Өмнө нь таван сайхан залуугийн амь нас эрсэдсэн. Хүмүүсийн сэтгэл санаа эмзэглүүлсэн ийм зүйл гарахгүй гэдэгт итгэж байна” хэмээн хэлэв.