“Ерөнхий сайд миний урилгыг хүлээн авч манай оронд албан ёсны айлчлал хийж байгаад ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте танд талархаж байна” гэж уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд Монгол оронд тавтай морилохыг эрхэм зочиндоо хүслээ.
Манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо. 20 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буйг Ерөнхий сайд хэлж байлаа.
2010 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсанд Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэ тэмцээн, сүлд дуу нь танай улсыг дэлхийд сурталчлах гүүр болсон гэлээ.
Уул уурхайн салбар нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг эзэлдэг. Энэ чиглэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгааг Ерөнхий сайд уулзалтын үеэр дурдаад энэ салбарт хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхлоо илэрхийлж байлаа.
ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте арьс өнгөөр алагчлах үзлийн эсрэг тэмцэж, үүнээсээ болж шоронд хоригдож байжээ. Энэ үеэрээ Монголын түүхийн тухай ном уншиж, Монголд очихыг мөрөөдөж байсан. Энэ мөрөөдөл минь өнөөдөр биелж байна гэж Ерөнхий сайдтай уулзахдаа хэлж байлаа.