Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ Төрийн ордонд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 гишүүнд үнэмлэхийг нь гардуулан өглөө.
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж, ард түмний итгэлийг хоёр дахь удаагаа аван УИХ-ын гишүүн болж буй Ням-Осорын Учралын байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Н.Учрал“Монгол Ардын Намд Монголын Ард түмэн итгэл үзүүллээ. Энэ итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. СХД-ийнхээ иргэдийн 65 хувийн итгэл дэмжлэгийг авч УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдлоо. Иргэдтэй уулзаж байхад боловсролын реформ хийх, нийгмийн даатгалын шинэчлэл, хуримтлалын сан бий болгох ажлуудыг даруй зохион байгуулах захиас хэлж байсан. Дундаж давхаргыг дэмжсэн намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалыг бүхэлд нь шинэчлэх асуудал байна.
Өнгөрсөн парламентын үед өргөн барьсан хувийн тэтгэврийн хууль, Нийгмийн даатгалын багц хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулж дундаж давхаргыг дэмжих тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна. Тэтгэврийн шинэчлэлийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 40 гаруй хуулийн төслийг санаачилсан. Энэ хүрээнд санаачилсан хуулиудаа үргэлжлүүлнэ хэрэгжүүлнэ” гэв.